Хөгжлийн банкны гэх тодотголтой 41 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хурал болж байна.
Яллагдагч Н.Батбаяр:
– Хөгжлийн банкийг анх байгуулж байхдаа Монгол орныхоо төлөө хэрэгтэй зүйл хийе гээд явж байсан. Энэ бол бохир аргаар явсан, улс төрийн хэрэг байсан гэдэг нь тайлагдах цаг ирнэ. Н.Батбаяр, Н.Алтанхуяг гэдэг 2 хүн яагаад энэ хэрэгт холбогдсон юм. 1 нь Ерөнхий сайд, 1 нь сайд байсны төлөө Монгол Улсын Засгийн газарт ажиллаж, бүтээн байгуулалт хийснийх нь төлөө яллахаар манай прокурорууд оруулж ирсэн. Туйлын харамсалтай. ЗГ-ын шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар биш, Захиргааны хуулиар биш, ҮХЦ шийддэг юм.
Манай залуучууд 2 дахь удаа орж ирэхдээ ч ойлгоогүй байгаа нь харамсалтай. Биеийн хэлэмжийг нь харахад та нар ойлгочихсон байна лээ л дээ. Гэхдээ та нар даалгавар биелүүлж байгаа улсууд. ЗГ-ын шийдвэрийг Эрүүгийн хуулиар шийдэх гээд оруулаад ирчихсэн. Биднийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 22.2.1 гэдэг заалт нь төрийн албан хаагчид холбоотой заалт. Бид ЗГ-ын шийдвэрийг биелүүлсэн. Хуулиа бүгдээрээ мэддэг, Үндсэн хуулиа уншдаг болмоор байна аа, залуучууд аа!
ЗГ бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг төрийн албан хаагч гэж ойлгож болохгүй. Үүн дээр та нарын алдаа байгаа. Өмнө нь ЗГ-ын шийдвэрийг Эрүүгийн хуулиар шийдэх хууль эрхзүйн чадамж хомс байна гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон юм. Хуулийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Та нар минь дарга нарынхаа үгэнд орж явж байгаад, ийм юманд орчхоод байна. Шүүх хурлын аль ч цаг үед шүүгчдийг зөвлөлдөх танхимд орохоос өмнө саналаа татаж авах эрхтэй шүү гэдгийг хэлье.
Эрүүгийн хуулиар ЗГ-ын шийдвэрийг хэлэлцдэг юм дахин бүү болоосой. Сүүлчийн удаа байгаасай. Бид 2-ыг ЗГ-ын 3 тогтоолоор буруутгаж байгаа. Тэр тогтоолууд өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Хүчин төгөлдөр байгаа тогтоолыг бүх иргэн мөрдөнө. Энэ нь прокурор та нарт ч хамаатай. Үүнийг Жаргалсайхан прокурорт хэлэхийг хүсэж байна. ЗГ-ын хүчин төгөлдөр тогтоолыг Алтанхуяг, Батбаяр хоёрын хууль бус тогтоол гэж хэлэхдээ ичихэд яадаг байна аа. Хүчин төгөлдөр тогтоолыг хууль бус гэж хэлэх эрх зүйн чадамж та нарт байхгүй. Үүнийг үгүйсгэх та нар хэн юм бэ?