Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөө цогцолборыг энэ сарын 10-нд нээлээ. Бурханч лам Г.Пүрэвбат агсны санаачилга захиасаар энэ өргөө, цогцолборыг байгуулжээ. “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн лам, гэвш П.Баянбат, Эрдэнэбүрэн суман дахь Өөлдийн хүрээ буюу “Ганданпунцоглин” хийдийн тэргүүн, бурхан урлаач Б.Соёл-Эрдэнэ, Нутгийн зөвлөл, Эрдэнэбүрэн сумын болон Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-ын хандив, нутгийн иргэд, сүсэгтэн олны өглөг буянаар үүнийг босгосон байна.

Нээлтийн ёслолд аймгийн засаг даргын орлогч Л.Энхбаяр, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга Ц.Алтан-Очир, засаг дарга Ц.Алтангэрэл, зурхайч Л.Тэрбиш, хийдийн лам хуврагууд, нутгийн иргэд, өглөгийн эзэд оролцов.

Галдан бошигт хааны шүтээний өргөөнд хааны хөрөг, алтан суварга, өөлдийн таван шүтээнийг залжээ. Өргөөний гадна талд дундаа ганц эвэртэй тэнгэрийн бух хөлөглөсөн Галдан хаан, Ану хатан хоёрын хөшөөг урлажээ. Энэ нь ертөнцийн муу муухай бүхнийг дарж, энэ цаг үед ч ард түмнээ тэнгэрээс харж, ивээж яваа гэсэн утга агуулгатай аж.
Энэ цогцолборыг өргөжүүлэн Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан бошигт хааны шүтээний цогцолбор болгохоор зорьж байна.

