Д.Бодоогийн хоолны ширээний хөл өнөө цагт их л үнэд орж байна. Энэ тамгыг атгахын тулд МАН-ын нөлөө бүхий эрхмүүд хавар, зун, намрыг дамнан тэмцэлдэв. Энэ тэмцэлдээ элдвийн арга хэрэглэсээр, эцэстээ ширүүслээ. Эвээр ярилцаад хэл амаа ололцсонгүй. Эвгүй аргад шилжив.
Эвгүй аргын нэг нь хөрөнгө хураах. Ерөнхий сайд Г.Занданшатар “Ирэх 7 хоногийн лхагва гарагт АТГ хөрөнгө хурааж эхэлнэ” гэж тодорхой зарлаад, таг болсон. Хэн нэгэнд зориулсан, хэсэг бүлэг рүү чиглэсэн энэ мэдэгдлийн цаад зорилго одоо л уншигдаж байна. Батлагдаагүй байгаа, төсөл төдий хуулийг хэрэгжүүлэх гэж Ерөнхий сайд яарсны учир нь МАН-ын тамгатай холбогдож байна. Хөрөнгө хураагаад ч хамаагүй олж авах учиртай тамга ажээ.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод, улсад учруулсан хохирлоо буцааж төлөөгүй дарга нарын хөрөнгийг хурааж, нийтийг хохиролгүй болгох нь Хөрөнгө хураах хуулийн зорилго. Хэн нэгнийг намнах биш. Харамсалтай нь өөр юм болоод явчихлаа.
2025.08.20-нд эхлүүлсэн хөрөнгө хураах ажиллагаанаас хойш 21 хоногийн дараа МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг баривчлав. Энэ хүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой гэлцдэг. 2023.12.22-нд болсон “Нүүрсний сонсгол”-оор тэдний холбоо хамаарлыг УИХ хайж үзсэн удаатай.
Хөрөнгө хураагаад ч хамаагүй олж авах учиртай тамга ажээ
Д.Амарбаясгалангийн эгч Д.Амарзаяа “Тунамал бодонч”, ЭСДЭ гэх 2 компанитай. ЭСДЭ компани 3835 тн нүүрсийг 58 удаагийн тээвэрлэлтээр гаалийн бүрдүүлэлтгүйгээр Хятад руу гаргасан байж болзошгүй гэсэн сэжиг уг сонсголын үеэр сөхөгдсөн.
МТАС түншлэл Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулах, өрөмдөх, тэслэх, нүүрс олборлохоор “Эрдэнэс Тавантолгой” компанитай 2021 оны 1-р сард гэрээ байгуулжээ. МТАС түншлэлд нэгдсэн 4 компанийн 1 нь “Адменерал”. Тус компанийг “Quzhou Longyuan Trading Co” LLd, “Хонконг руйшен глобал групп”, “Моновант” ХХК нийлж байгуулжээ. Эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав. Тэр бол МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах.
“Адменерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Хасбаатар. Энэ хүн Ц.Ламжавтай хамт “Моновант” компанийг байгуулжээ. МТАС түншлэлийг үүсгэсэн 4 компанийн 2 нь Ц.Ламжавтай холбоотой байв.
Ц.Чулуунзагдын нэр дээр 2 ТББ, “Мкаст” гэх компани бүртгэлтэй. 2 ТББ-ынх нь 1 нь “Төрөлх Алтай”. Үүнийг Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын 8 хүн үүсгэн байгуулжээ. “Хүний эрхэт дэвшилтэт бодлогын хүрээлэн” НҮТББ-ыг Н.Хүдэрчулуун, Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын 5 хүн үүсгэн байгуулжээ.
Ц.Чулуунзагдыг Цагдан хорих төвд саатуулж, Д.Амарбаясгаланд анхаарлын тэмдэг болгов
Энэ мэдээлэл “Нүүрсний сонсгол”-оор ил болсноос 25 хоногийн дараа 2024.01.16-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой”, МТАС хоорондын гэрээг цуцлахыг “Эрдэнэс Монгол”-д даалгасан юм. Үүнээс 3 сарын дараа Засгийн газар уг гэрээг цуцалсан.
Энэ явдал үүгээр дууссангүй. Ц.Чулуунзагдыг Цагдан хорих төвд саатуулж, Д.Амарбаясгаланд анхаарлын тэмдэг болгов. Түүнийг баривчилснаар асуудал дууссангүй. Дөнгөж маргааш нь буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж, Д.Амарбаясгаланг айхтар хэрэгт буруутгалаа.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025.02.14-нд БНХАУ-ын Харбин хотод байгуулсан. Хил дамнасан төмөр зам хамтран барих, нүүрс худалдах, худалдан авах, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн 3 ажлыг 1 дор шийдсэн уг хэлэлцээрийг УИХ 2025.03.27-нд баталсан. Үүгээр манай улс нүүрсээ сорчлон, 1 вагон нүүрсний 55% нь хамгийн чанартай коксжих нүүрс, 10% нь хамгийн хямд нүүрс байлгахаар болсон тухай Н.Энхбаяр мэдээллээ.
“Бид ганц гэрээгээр нийт коксожсон нүүрснийхээ 40%-ийг зарж, 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээ байгуулсан. Энэ бол цэвэр луйвар. Энэ гэрээг нууцалж байгаа шалтгаан юу вэ? Нүүрс худалдана гэдэг нууцлах зүйл биш шүү дээ. Үүнийг нууцалж байна гэдэг үүний цаана луйвар байна гэсэн үг” хэмээн тэрээр онцлов.
Зандан ширээний хөл засгаас дутуугүй эрх мэдлийг илтгэх тамга болчих гэж
Энэ бол үнэхээр ноцтой мэдээлэл. 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээж чадлаа” хэмээн Л.Оюун-Эрдэнийн онгирч байсан хэлэлцээрийг Н.Энхбаяр гамшиг гэж хэллээ. Үүнд тэрээр Ц.Туваан, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг буруутгав.
Энэ гэрээний алдааг Н.Энхбаяр олж хараад, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гээд 3 сар хөөцөлдөөд чадаагүй гэнэ. Тэгэхээр тэр 2024 оны 12-р сарын эхнээс 2025 оны 2-р сарын эхэн хүртэл Л.Оюун-Эрдэнийн араас хөөцөлджээ. Харин Н.Энхбаяр олон нийтэд бүүр 10 сарын дараа хэлж байгаагийн учир юу вэ? Тамга булаацалдсан тэмцэл оргилдоо тулж байхад шүү. “Зууны мэдээ” сониныхоо хэвлэлийн хурлын танхимд дуртай үедээ сэтгүүлчдийг цуглуулах боломж түүнд хэзээд байдаг. Яг өчигдрийнх шиг ээ.
Түүнийг МАХН-ын нэрнээс Х үсэг авч хаямагц шүүрэн аваад, одоо түүгээрээ МАН-тай, тэр дундаа Ерөнхийлөгчтэй ямар тохиролцоотой явдгийг бүгд л гадарлана. Нэг нэгнийхээ алдаа, хийг улстөрчид дэгээ, урхи болгож л ашиглах юм даа. Алдааг нь засах гэж биш, өөртөө ашиглах гэж л өө хайж, баримт цуглуулна. Дараа нь яг одоогийнх шиг нэгнийгээ намнадаг. Л.Оюун-Эрдэнийн гардаж, хамтарсан засгаар хашиж, 126 гишүүнтэй парламентаар батлуулсан гэрээг хүртэл тамганы төлөө ашиглаж байна. Тамганы төлөөх тэмцэл ширүүслээ дээ. Зандан ширээний хөл засгаас дутуугүй эрх мэдлийг илтгэх тамга болчих гэж.