Манай улс ардчиллын индексээр жил бүр ухарч байна. 2023 онд 77 дугаар байрт орж, өмнөх оноосоо 16 байраар ухарсан бол 2024 онд дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байрт орсон. Харин 2025 онд мөн 81 дүгээр байрт орсон ч ихэнх үзүүлэлтээрээ ухарч, автократ дэглэмтэй зургаан орны нэгээр нэрлэгдсэн.
Тиймээс Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран Олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан, ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр 2025.09.14-нд Хэнтий аймагт чуулж байна.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэргүүтэй Ардчилсан намаас парламентад сонгогдсон гишүүд болон Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна.

Арга хэмжээний эхэнд Ардчилсан намын хөтөлбөр, үзэл баримтлалын талаар Намын дарга О.Цогтгэрэл улс төрийн илтгэл тавилаа. Энэхүү арга хэмжээ нь Монголын ардчиллын үнэт зүйл, үзэл санааг сурталчлах, олон нийтийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 15-ныг Олон улсын ардчиллын өдөр болгохоор 2007 онд тогтож, 2008 оноос Дэлхий нийтээр тэмдэглэж байна.

