АН-д баяр хүргэж мэдэгдлээ эхэлсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан ёсоор МАН-ын даргын сонгуульд өрсөлдөхөө зарлав. Энэ намын ямар ч гишүүн даргын сонгуульд өрсөлдөхдөө ингэж албан ёсоор зарлаж байсныг санахгүй байна. Ийм ширүүн тэмцэл өрнөж байсныг ч мэдэхгүй юм.
Энэ намын дарга болох хүн нь хэдэн сарын өмнө тодордог. Санал хураалт нэртэй ёслол бага хурлаараа хийдэг. Өрсөлдөөн өрнөсөн гэж харуулахын тулд хэн нэг хүнийг хэдийнэ тодорсон даргатай өрсөлдүүлсэн болдог. Бүх үйл ажиллагаа нь урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу, эртнээс бичсэн зохиолын дагуу явагддаг байлаа. Харин одоо шал өөр, санаанд оромгүй явдал болох чинь. Тэгэхээр даргын сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлаж, далд тэмцлийг ил гаргаж ирсэнд нь Д.Амарбаясгаланд баяр хүргэе!
Эрх баригч намд 100 жилд тогтсон хэв загварыг тэр эвдлээ. МАН-д бас салхины чиг өөрчлөгдөв бололтой. АН сая даргын сонгуулиараа хэсэг бусаг хүнээс салах алхмаа зоригтой хийсэн шиг МАН одоо бугшсан арга барилаа өөрчлөх цаг болсон л доо.
Мөнгө, хүч хоёрыг атгасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр яагаад ч юм Д.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроос жийрхээстэй
МАН-ын гишүүд дотроо 60, 70-аад оныхон, 80, 90-ээд оныхон хэмээн хуваагджээ. Энэ тэмцлийн нэг талыг 60 оныхон удирдаж, 70-аад оныхныг чиглүүлж байгаа бол нөгөө талд нь 80-аад оныхон гарч, 90-ээд оныхон дагалдаж байна. Тэдний хүч тэнцвэргүй. 60, 70-аад оныхонд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэл байгаа бол 80, 90-ээд оныхонд УИХ-ын болон намын даргын суудал бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт АТГ, цагдаа, прокурор, шорон, улсын мөнгөний авдар байгаа бол УИХ-ын дарга, намын дарга хоёрт нэг ТББ-ын тамганаас өөр юм алга.
Гэхдээ мөнгө, хүч хоёрыг атгасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр яагаад ч юм Д.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроос жийрхээстэй. Мөрийг нь мөшгиж, мөчийг нь тоолоостой. Учрыг ухвал У.Хүрэлсүх, Г.Занданшатар нараас тус намын гишүүд айхаа больж, айсуй цагийг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нараар төсөөлөх болсон гэнэ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр 6 жил ажиллаад, 2027 онд дараагийн сонгуулиар сонгогдсон хүнд халаагаа өгнө. Тэр дахин өрсөлдөх эрхгүй. Үүгээр түүний улс төрийн замнал төгсөх шатандаа орж, сайхан түүхээ дурсан Ихтэнгэрээс нүүнэ. Г.Занданшатар бол засаг тэргүүлэх нь байтугай их хуралд сонгогдож чадаагүй, нутгийнх нь сонгогчид ч түүнд итгэдэггүй. Ийм шалтгаанаар Г.Хүрэлсүх, Г.Занданшатар нараас зайгаа барих гишүүн МАН дотор олширч, цаг өнгөрөх тусам Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг налах хүн олшрох болсон юм байна.
Л.Оюун-Эрдэнийг огцруулж байхад харж суусан Д.Амарбаясгалан одоо ил цагаан дайн зарласны учир ийм
Хавар Л.Оюун-Эрдэнийг огцруулж байхад харж суусан Д.Амарбаясгалан одоо ил цагаан дайн зарласны учир ийм ажээ.
Татварын багц хуульд Г.Занданшатарын Засгийн газар косметик засвар хийх гэж байгааг Д.Амарбаясгалан шүүмжилж, Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилго агуулсан хэмээн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баалав.
МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө тэр МАН-ын дарга болох гэнэ. Энэ үг хаашаа чиглэсэн, хэнд зориулагдсан нь тодорхой.
Л.Оюун-Эрдэнэ ч яах вэ, алдах юмгүй болсон хүн. Намын даргын тамгаа хураалгахгүй гээд хаашаа ч зайлах боломжгүй тул өөрөө арагш сууж, Д.Амарбаясгаланг урагш гаргав. Тэд энэ тулаандаа ялбал Д.Амарбаясгалан МАН-ын дарга төдийгүй Ерөнхий сайд болж, Л.Оюун-Эрдэнэ түүний оронд УИХ-ын даргын суудалд тухална. Харин ялагдвал Д.Амарбаясгалан УИХ-ын даргын суудлаа алдаж, Л.Оюун-Эрдэнэтэйгээ хөтлөлцөөд жийгдэнэ.
Нөгөө талд Г.Занданшатар ялагдвал Ерөнхий сайдын суудлаа алдана. Юун намын дарга. Түүнийг дасгалжуулсан У.Хүрэлсүхтэйгээ хамт ирээдүйдээ цэг тавиулна. Ялбал намын дарга, Ерөнхий сайд гэсэн хос морьтой хурдалж, Ерөнхийлөгчийн сонгуулийг ч мөрөөдөх боломж нээгдэнэ. У.Хүрэлсүх дараагийн хүмүүсээ намын дарга, Ерөнхий сайд болгож, намаа далдаас санаа амар удирдана.
Ийм өндөр дэнчинтэй тулаан өрнөж байна даа.