2 эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөн, чемоданд хийж, зургаа авахуулсан хэргийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл ийм байр суурьтай байна.
-Шүүхийн албан ёсны мэдээ үзэхээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийг шалга гэсэн байдлаар шүүх хэргийг буцаасан юм байна гэж ойлгосон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нотлох баримтуудаас үзэхэд, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох үндэслэл байна. Шүүх өөрөө мөрдөн байцаах ажлыг хийдэггүй. Прокурорын хяналтан дор мөрдөн байцаалтаар цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, шийдвэр гаргадаг байгууллага. Тийм учраас шийдвэр гаргахад шаардлагатай баримтуудыг тодруулах бүрэн эрхтэй.
Энэ хүрээнд хамгийн гол ярих ёстой зүйл байгаа. Өмгөөлөгч нар луу ч юм уу, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэж байгаа сэжигтэн заавал өмгөөлөгчтэй байх ёстой гээд Монгол Улсын хууль бий. Хуулийн дагуу өмгөөлөгч томилогджээ.
Хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн, нотлох баримт нь хангалттай байгаа, монгол хүний, жирийн иргэний амь нас, эрүүл мэнд хохирсон хэргүүдийг түргэн шуурхай шийддэг болох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа бид анхаарах ёстой. Шийдвэр хурдан гардаг байх ёстой.
Олны нүдэн дээр гарсан хэрэг утаа болдог, замхардаг, нөгөө тийш эргэдэг юм байна ш дээ.
-Ерөнхийлөгч энэ хэрэгт анхаарч, мэдэгдэл гаргасан.
-1-рт ял завшуулахгүй байх, 2-рт хүн хэлмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Эрх мэдэлтэй, нөлөөтэй, мөнгөтэй хүмүүсийн холбогдсон хэрэг замхарч дуусдаг. Жирийн иргэний хэрэг, өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүн, амьдралын бололцоо тааруу хүний хэрэг маш хурдан шийдэгддэг. Хохирогч тал байвал нэмж хохироод дуусдаг. Энэ чинь зөвхөн өнөөдөр гарч байгаа зүйл биш байхгүй юу.
