О.Алтангэрэл: Чингис генералыг ажлаас үндэслэлгүй халсан бол би хариуцлага хүлээнэ


Сүхбаатарын талбайд энэ оны 1 дүгээр сард “Огцрох амархан” жагсаал болсон. Уг жагсаалыг Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис санхүүжүүлж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, түүний мэдэгдлийн дараа тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж, Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Р.Чингис үүнийг эсэргүүцэн, шүүхэд хандсан юм. Анхан шатны шүүх өнгөрсөн 7 хоногт эл хэргийг хэлэлцээд Р.Чингисийг ажлаас чөлөөлсөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаал хууль бус гэж дүгнэн, хүчингүй болгож, Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд Р.Чингисийг буцаан томилохыг ХЗДХ-ийн сайдад даалгасан.

Энэ талаар тухайн үеийн ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодрууллаа.

-АН, МАН-ын аль алиных нь мөрийн хөтөлбөрт “Прокурор, шүүгч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, цагдаагийн хэргийг шалгадаг мөрдөн байцаах алба байгуулна” гээд заачихсан байгаа. Би ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ХЗДХЯ-нд гэрч хохирогчийг хамгаалах, тусгай субьектүүдийг шалгах чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байсан. ХЗДХЯ энэ төслийг үргэлжлүүлэн боловсруулаад, өргөн барих болов уу гэж найдаж байна.

Чингис генералыг жагсаал цуглаан санхүүжүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Тэр шийдвэрийг та гаргасан. Гэтэл сая шүүх уг шийдвэрийг хууль бус гэж үзээд, ажилд нь эргүүлэн томилохоор шийдвэрлэлээ. Чингис генералын цалинг та нөхөн төлөх ёстой болчих шиг боллоо.

-Тийм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэж сонссон. Давж заалдах болон цааших процессыг мэдэхгүй байна. Хүний амнаас гарсан хий, улстөрч хүний хэлсэн үг заавал биелдэг байх ёстой. Хэрвээ ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Монгол Улсад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч байна уу, ямар албан тушаалтан байхаас үл шалтгаалаад, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Хэрвээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болбол би хариуцлагаа хүлээх ёстой. Хууль тогтоомжид заасны дагуу саяны асуудлыг хариуцах л ёстой.

-Хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад ажлаас нь чөлөөлчихдөг нь буруудчихаж байгаа юм биш үү?

-Энэ бол хөдөлмөрийн харилцаа шүү. Хүнийг гэмт хэрэгт яллавал эрүүгийн эрхзүйн харилцаа болдог. Сэжиглэнэ, шалгана, яллана. Энэ бол эрүүгийн эрхзүйн харилцаа. Ажилтан, ажил олгогчийн харилцаа бол хөдөлмөрийн харилцаа.

-Чингис генералын цалин хэд байдаг юм бол?

-Тэр талаар мэдэхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *