УИХ-ын намрын чуулган өнөөдөр эхэлж, намын бүлгүүд хуралдлаа. АН-ын бүлэг өнөөдөр ямар асуудал хэлэлцсэнийг тус намын зарим гишүүн сэтгүүлчдэд мэдээллээ. 1992-2025 онд Улаанбаатар хотод олгосон газрын тооллого явуулж, хяналтын сонсгол хийхээр АН-ын бүлэг санаачилж, 37 гишүүн гарын үсэг зуржээ. 32 гишүүн гарын үсэг зурснаар сонсгол хийдэг.
АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Сүүлийн 33 жилд олгосон газрын асуудлаар түр хороо байгуулж, нээлттэй сонсгол явуулахаар АН-ын бүлэг шийдвэрлэлээ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төсөлд ЗГ-аас санал авч, УИХ-д өргөн барихаар тогтлоо. 3-рт 2026 оны улсын төсөвтэй холбоотой ажлын хэсэг байгуулсан. 4-рт, 9-р сарын 26-нд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож, сөрөг хүчнээс томьёолдог болсон. Энэ хүрээнд 9-р сарын 26-нд болох анхны Парламентын асуулгын цагийг үр дүнтэй өнгөрүүлэхээр Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
-Бүлгийн шинэ даргын асуудлаа хэзээ шийдэх вэ?
-Ан-ын бүлэг УИХ-ын тухай хуулиар санал хурааж, асуудлаа шийддэг. Хавсран гүйцэтгэх нь зүйтэй биш байх гэж бодож байна. Явцын дунд асуудлаа шийднэ.
-АН-ын бүлэгт ЗГ-аас хамтрах санал ирсэн үү?
-МАН-ын төлөөллийн төв байгууллага нь АН-тай хамтрахгүй гээд шийдвэрээ гаргачихсан. ЗГ-тай хамтрах уулзалт, хэлэлцээ хийгдээгүй. МАН “АН-тай хамтрахгүй” гэсэн шийдвэр нь хэвээрээ байгаа байх.
–УИХ-ын 58-р тогтоолын тухайд юу хэлэх вэ? Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбохдоо нүүрсээ Хятадад маш хямдхан нийлүүлэх гэрээ байгуулсан гээд байгаа шүү дээ.
-Хил холболтын асуудлаар Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох асуудлаар өнгөрсөн оны төгсгөлөөр УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ соёрхон батлагдсан. Жилийн 20 сая тн-оор 12 жил, дээр нь нэмээд 250 сая тн нүүрсний асуудал, тодохой хэмжээний хөнгөлөлтийн асуудал үүн дээр яригддаг. Тухайн үед гишүүд, АН-ын гишүүд бас тоо баримтаа үзүүлж, үндэслэлүүдээ хэлж байсан. 250 сая тн нүүрсийг тухайн үеийн ханшаар 30 орчим доллар, нийт 7.5 тэрбум долларын хөнгөлөлтийн асуудал яригддаг. Саяны асуудал дээр нухацтай хандах ёстой. Үүнийг яаж бодсон бэ гэдэг томьёо, мэдээллийг шалгах ёстой.
