Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг өчигдөр танилцуулав. Тус хороо улирал тутам хуралдан, бодлогын хүүг өсгөх, бууруулах эсэхийг шийддэг. Энэ удаад тус хорооноос хуралдаад бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Эдийн засгийн нөхцөл байдал, гадаад орчин зэргийг харгалзан ийм шийдвэр гаргасан байна.
—————————————————————–
Б.Лхагвасүрэн: Ипотекийн хүүгийн зөрүүг бууруулах нь шинээр байгуулах банкны гол үүрэг

Энэ талаар сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулахдаа “800 тэрбум төгрөгийн зээлийг “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон. Энэ зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа, чанаргүй болсон зээл байхгүй” гэв. Мөн тэрээр “Инфляц буурвал бодлогын хүүг бууруулах боломжтой. Хүнсний үнэ их тогтворгүй байна. Махны үнэ 8.8 хувийн нэг хувийг дангаар нь бүрдүүлдэг. Зээлийн өсөлт 26 хувьд хүрч, өмнөх саруудаас саарлаа. Гэхдээ бизнесийн зээл эрчимжиж, хэрэглээний зээл буурсан. Бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн хүүг өсгөдөг. Ирэх онд дулааны үнийг өсгөвөл инфляцад нөлөөлнө” гэдгийг онцолж байлаа.
“Төр ипотекийн банк байгуулах нь зөв үү?” гэсэн асуултад “Энэ банк бусад арилжааны банкнуудтай жижиглэнгийн зээлтэй өрсөлдөхгүй буюу ипотекийн зээл олгохгүй. Харин бусад банкнуудад хямд эх үүсвэр татах үүрэгтэй ажиллана. Төр, хувийн хэвшил хамтарсан банк байна. Бусад улсуудад төр энэ тогтолцоог санаачлан үүсгэдэг.
Одоо зургаан хувийн хүүтэй зээл авахын тулд өрхүүд олон сар хүлээж байна. Энэ зээлийн эрэлт өссөн тул эрэлтээ хангаж чадахгүй байна. Харин банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгож буй, ипотекийн зээлийн хүү дунджаар 18 хувь байна. 18-аас 6-г хасахаар 12 хувь. Энэ зөрүүг бууруулах нь шинээр байгуулах банкны гол үүрэг байна” гэж хариулсан юм.
Б.Баярдаваа: Төлбөрийн тэнцэлд нүүрсний үнэ томоохон эрсдэл хэвээр байна

Харин Монгол банкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа шийдвэртэй холбогдуулан зарим асуултад хариулав.
-Эдийн засгийн дотоод нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 8.8 хувьд хүрчээ. Өмнөх сараас ингэж нэмэгдэхэд мах, гурилын үнэ, улирлын нөлөө голлон нөлөөлсөн. Оны эцэст инфляц буурна. Импортын барааны үнэ өндөр хэвээр байна. Цаг агаар муудвал хүнсний инфляц өсөж болзошгүй. Аж үйлдвэр, барилгын салбарын идэвхжил өндөр байна. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 6-5.8 хувь болгон буурууллаа. Учир нь уул уурхайн салбарын олборлолт буурсан. Төлбөрийн тэнцэлд нүүрсний үнэ томоохон эрсдэл хэвээр байна.
-Гадаад орчин нөхцөл ямар байна вэ?
-АНУ ихэнх улстай тарифын хэлэлцээ байгуулсан нь гадаад орчны эрсдэлийг харьцангуй буурууллаа. Гэхдээ хэлэлцээрүүд үргэлжилсээр байна. Манай улсын эдийн засаг БНХАУ-аас шууд хамааралтай. Ган, коксжих нүүрс, төмрийн хүдрийн зах зээл тогтворгүй хэвээр байна.
-Ирэх онд 90 сая тонн нүүрс гаргана гэж Сангийн яам тооцжээ. Гэтэл урд хөрш гангийн үйлдвэрүүдээ дэмжих нь багассаар байна. 90 сая тонн нүүрс экспортлох боломжтой юу?
-Засгийн газрын түвшинд нүүрс худалдах яриа хэлэлцээ хийж байгаа юм билээ. Сангийн яам тооцоо судалгааны үндсэн дээр 90 сая гэсэн тоог гаргасан болов уу. Гэхдээ нүүрсний орлого төсөвт томоохон байр эзэлдэг тул болгоомжтой хандах ёстой гэв.
Ийнхүү бодлогын хүүг хэвээр хадгалснаар мөнгөний хатуу бодлого дахин нэг улирал үргэлжлэхээр боллоо.
Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай
Дугаар: 2025/05
Огноо: 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц 2025 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарлаа. Инфляц энэ оны 2 дугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатайгаар хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч 8 дугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй өндөр байсан нь хүнсний инфляцыг өмнөх сараас нэмэгдүүллээ. Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй байна. Гэвч, Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй.
Эдийн засаг хүлээлтийн орчимд буюу 2025 оны эхний хагаст 5.6 хувиар өслөө. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбарын өсөлт бүрдүүлж байна. Оны сүүлийн хагаст зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.
Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад улс орнууд хоорондын худалдааны хэлэлцээрүүд хийгдэж, АНУ-ын тарифын түвшин анх зарласан дүнгээс доогуур тогтож, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гүйцэтгэлээр бага зэрэг сайжруулсан боловч тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
Энэхүү бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.