Лхагва гарагт АНУ-ын Пенсилвань мужид буудалцаан болсны улмаас 3 цагдаа нас барж, 2 цагдаа хүнд бэртжээ. Цагдаагийнхан дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад, уг халдлагад өртсөн байна.
“Цагдаа нар луу гал нээсэн этгээдийг буудаж, хөнөөсөн” гэж Пенсильвань мужийн Цагдаагийн газрын комиссар, хурандаа Кристофер Парис мэдэгдэв. Мөн амьд үлдсэн 2 цагдаа хүнд бэртэн, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж тэрээр хэлжээ.
Орон нутгийн цагаар өдөр 14:00 цагийн үед гал нээж эхэлжээ. Уг хэргийн улмаас Пенсильвань мужийн Спринг Гроув гэх 2,500 орчим хүн амтай жижиг хотын сургууль орчмын бүсийг хамгаалалтад авч, хичээлийг нь зогсоосон байна. Тус сургууль ямар нэг байдлаар уг халдлагад өртөөгүй гэж сургуулийн захиргаанаас мэдэгдэв.
Олон нийтэд ямар нэг аюул учраагүй гэж албаны хүмүүс мэдээлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр цагдаа нар өмнөх өдрөөс нь эхэлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тухайн газарт байрлаж байжээ. “Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцах болоогүй байна” гэж Цагдаагийн албаны комиссар Парис хэлэв.
Пенсильвань мужийн захирагч Жош Шапиро лхагва гаргийн үдээс хойш хэргийн газарт хүрэлцэн очиж, амь үрэгдсэн цагдаа нарын ар гэрийнхэнтэй уулзсан талаар нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Дараа нь Шапиро амиа алдсан гурван цагдаад хүндэтгэл үзүүлэхийн тулд Пенсильвань муж дахь төрийн бүх далбааг доош буулгах тушаал гаргажээ. Ингэснээр тус мужийн төрийн бүх байгууллага болон нийтийн эзэмшлийн газруудад байрлах төрийн далбаануудыг буулгаж, ишнийх нь дунд хэсэгт байрлуулахаар болов.