Баянхошуунд 6.5 га газар чөлөөлнө


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороон дахь Ханынматериал, Баянхошуу руу 2 салдаг уулзвар орчмын 20.7 га талбайг чөлөөлж, 3000 айлын орон сууц барих ажил эхэллээ. Уг төслийг 2 үе шаттай хийнэ. Эхний ээлжийн 1800 айлын орон сууцыг барих гүйцэтгэгч шалгараад байна.

Төслийн хүрээнд 7-9 давхар 24 блок орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, хүүхдийн сургалт хөгжлийн төв, 1200 машины ил болон дулаан зогсоол барина. Зогсоолын 180-ыг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулахаар төлөвлөжээ. Мөн худалдаа болон үзвэр үйлчилгээний төв, спорт байгууламж зэргийг барих аж.  

Шинэ төлөвлөлт учраас аль болох хүнд ээлтэй, тухтай орчин бүрдүүлэхийг зорьж, төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон цэцэрлэг цогцоор нь шийдэх юм байна.

Мөн Толгойт бүсийн шинэ төлөвлөлт Ихнарангаас эхэлж байна. Тус хорооны газрыг бүхэлд нь чөлөөлж, 63 га талбайд төлөвлөлт хийнэ. Уг ажлыг 4 багц болгон хэрэгжүүлнэ. Эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг энэ жилдээ багтаж газар чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Хэрэв энэ ажлыг амжуулчихвал тухайн байршилд 2000 айлын орон сууцны барилга барих ажлыг эхлүүлнэ.

Түүнчлэн Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Улсын комисс хүлээж авсныг дуулгая. Ингэснээр Ханынматериал, Толгойт, Баянхошуу гэсэн 3 том суурьшлын бүс цоо шинэ өнгө төрх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *