Эдийн засаг гэх аварга хөлөг онгоцны баг нь Засгийн газар, ахмад нь Ерөнхий сайд. Монгол Улс гэдэг хөлөг юу ачиж явааг, ер нь ачаа байна уу гэдгийг хамтдаа харцгаая.
Манай үе үеийн Засгийн газар 1991-2025 оны II улирал хүртэл нийт 9 тэрбум 187.9 сая ам.доллар гадаадаас зээлээд байна. Үүнээс 1/3-ийг төлж, энэ оны эхний хагас жилийн байдлаар 6 тэрбум 469.5 сая ам.долларын өртэй үлджээ. Төгрөгт шилжүүлбэл 23 их наяд 165.4 тэрбум төгрөгтэй тэнцэнэ.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк гэсэн 5 банк, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Нордикийн хөгжлийн сан, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, Олон улсын валютын сан 4 санд манай улс нийт 12 их наяд 486.8 тэрбум төгрөгийн өртэй. Энэ өрийн 63%-ийг Азийн хөгжлийн банкинд, 24.5%-ийг Дэлхийн банкинд тавьжээ.
Улс орнуудаас Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австри, Франц, Герман, Польш, Бельги, Испани гэсэн 10 улсаас зээл авчээ. Эдгээрт нийт 10 их наяд 678.4 тэрбум төгрөгийн өртэй. Үүний 34.9% нь БНХАУ-д, 29.9% нь Японд тавьсан өр.
ЗГ-ын гадаад зээлийн үлдэгдэл, валютаар:
- Ам.доллар 53.7 хувийг,
- Зээлжих тусгай эрх 20.9 хувийг,
- Иен 13.7 хувийг,
- Евро 6.8 хувийг,
- Вон 4.8 хувийг,
- Арабын дирхам, Кувейт динар 0.1 хувийг эзэлж байна.
Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авч буй зээлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээс 2026 онд нийт 564.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Өрийг өрөөр
Манай хөлөг чигээ алдан, хөлгүй далайд хий дэмий хөвж байгааг энэ их өр харуулна. Залуураа зөв залж чадаагүй ахмадууд, түүний багийнхан онгоцоо ажиллуулах түлш, онгоцонд нь яваа зорчигчдыг дандаа өрөөр аргацаан, мунгинаж явна.
Засгийн газраас олон улсын зах зээлд арилжсан “Чингис 500”, “Чингис 1000”, “Мазаалай”, “Дим сам”, “Хуралдай”, “Гэрэгэ” гэх мэт үнэт цаасны үлдэгдэл энэ оны эхний хагас жилд 2 тэрбум 528.5 сая ам.доллар буюу 9 их наяд 53.9 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилгоор 2029 он хүртэл гадаад бонд гаргахгүй
Асар их баялагтай атлаа түүнээс дутахгүй өртэй байгаадаа манай улс дүгнэлт хийж, дахин өр тавихгүй байхаар шийдсэн юм. Шинээр гадаад үнэт цаас гаргавал зөвхөн дахин санхүүжилт хэлбэрээр гаргахаар Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025, 2026-2028 оны стратегийн баримт бичигт заасан. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төсвийн алдагдал санхүүжүүлэх зорилгоор лав л 2029 он хүртэл гадаад үнэт цаас гаргахгүй.
Засгийн газар 2021 онд “Сенчири-1” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага хүүтэй бонд гаргаж, бондын өрийг бондоор дарсан юм. 2023 оны 1 дүгээр сард “Сенчири-2” бонд гаргаж, ковидын хямралыг давсан бол 2023 оны 12 дугаар сарын 5-нд 7.875%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай “Сенчири-3” бонд гаргаж, 350 сая ам.доллар босгон, “Хуралдай” бондын 339.5 сая ам.долларын өрийг төлсөн. 2025.02.25-нд “Сенчири-4” бонд гаргаж, 2026 онд төлөх “Номад”, 2028 онд төлөх “Сенчири-2” бондоос нийт 500 сая ам.долларын төлбөрийг дахин санхүүжүүлсэн.
“Сенчири-1, 2, 3, 4” бондоор 2022-2028 онд төлөх “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай”, “Номад”, “Сенчири-2” бондын нийт 2.9 тэрбум ам.долларын төлбөрийг төлжээ. Дутсан 414 сая ам.долларын төлбөрийг Төрийн сангаас гаргасан байна.