Трамп “Нью-Йорк таймс” сонинг шүүхэд өгч, 15 тэрбум ам.доллар нэхэмжлэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Нью-Йорк таймс” сонинг шүүхэд өгч, 15 тэрбум ам.доллар нэхэмжлэхээр болжээ. Ерөнхийлөгч Трамп 2024 оны сонгуулийн өмнө өөрийг нь гүтгэсэн гэж “Нью-Йорк таймс” сонин болон тэдний дөрвөн сэтгүүлчийг буруутгав. Тэдний нийтлэлүүд амжилттай бизнес эрхэлж яваа өөрийнх нь нэр хүндийг унагаж, гутаах зорилготой байсан хэмээн Трамп мэдэгджээ.

Трамп Даваа гарагт АНУ-ын Флорида мужийн Дунд Шатны Холбооны Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нью-Йорк Таймс”-ын нийтлэлүүд болон хоёр сэтгүүлчийнх нь бичсэн ном “Ерөнхийлөгч Трампын бизнес, хувь хүн болон улстөрчийн нэр хүндэд нь хохирол учруулах зорилготой байсан” гэж дурдсан байна.

Тус гомдолд дурдсанаар, тэр нийтлэлүүд болон номыг Трампыг “гутаан доромжлох өнгө аяс”-тайгаар хэвлүүлсэн бөгөөд энэ нь түүний мэргэжлийн болон ажил мэргэжлийн ашиг сонирхолд хохирол учруулж, эдийн засгийн “асар их” алдагдалд хүргэсэн гэж дурдсан байна. Мөн Трамп тус гомдолдоо “Нью-Йорк таймс”-аас дор хаяж, 15 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилжээ.

“Нью-Йорк таймс”-ын хэвлэлийн төлөөлөгч үүний хариуд “Энэ нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Ямар ч хууль ёсны шаардлага байхгүй. Энэ нь хараат бус сэтгүүл зүйн компанийг дарамтлах, айлгах зорилготой оролдлого юм. “Нью-Йорк таймс” сонин ийм айлган сүрдүүлэх тактикт автахгүй. Бид бодит мэдээллийг айдасгүйгээр хайж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг Америкийн ард түмний өмнөөс хамгаалахын тулд ажлаа үргэлжлүүлэн хийх болно” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп мөн өнгөрсөн долдугаар сард “Уолл стрийт журнал” сонины эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Доналд Трамп нэр хүндээ алдсан санхүүч Жеффри Эпштейнд 2003 онд садар самуун өнгө аястай төрсөн өдрийн мэндчилгээ илгээсэн тухай тус сонин бичсэн байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *