АНУ-ын Лос-Анжелес хотод 9-р сарын 8-нд дуучин D4vd-ын нэр дээр бүртгэлтэй “Tesla” загварын машинаас охин хүүхдийн цогцос ялзарсан байдалтай олдсон юм. Уг цогцос 2024 оны 4-р сард алга болсон Celeste Rivas гэх 15 настай охиных болохыг тогтоожээ.
Дуучин D4vd-ын машин зогсож байсан зогсоолоос өмхий үнэр үнэртэж байгаа тухай оршин суугчид дуудлага өгсний дараа цагдаа нар очиж шалгаад, D4vd-ын нэр дээр байдаг “Тесла” загварын машины багаажнаас тухайн цогцсыг олсон байна.
Celeste Rivas охин цогцос нь олдох үед тэр дөнгөж 15 нас хүрч байжээ. 2010 оны 9-р сарын 8-нд төрсөн тэрээр 2024 оны 4-р сард сураггүй алга болсон байна. Алга болох үедээ тэрээр дөнгөж 13 настай байсан гэсэн үг.
Охин баруун гарынхаа долоовор хуруун дээр “Shsss” гэдэг шивээс хийлгэсэн байжээ. Алга болохынхоо өмнө авахуулсан зурагнаас нь уг шивээсийг харж болно. Уг хэрэгт холбогдоод байгаа дуучин D4vd ч бас баруун гарынхаа долоовор хуруун дээр “Shsss” гэдэг шивээстэй. Энэ нь хачирхалтай давхцал болж таарчээ.
Мөн дуучин D4vd нас барсан Celeste Rivas охины нэртэй адилхан “Celeste” гэдэг нэртэй дуу гаргасан ч олон нийтэд хараахан цацаагүй байжээ. D4vd мөн 2022 оны 9-р сарын 8-нд “Romantic Homicide” нэртэй дуу гаргасан. Уг дуун дээр “In the back of my mind I killed you. And I didn’t even regret it. I can’t believe I said it. But it’s true. I hate you” буюу орчуулвал “Бодлынхоо гүнд би чамайг алсан. Алсандаа огтхон ч харамсаагүй. Ингэж хэлж байгаадаа итгэж ч чадахгүй нь. Гэхдээ энэ бол үнэн. Би чамайг үзэн яддаг” гэх утгатай үг гардаг. Энэ дууг цацсан огноо нь Celeste Rivas охины төрсөн өдөртэй давхцаж байгаа нь ч тун хачирхалтай.
Тэгвэл интернэт даяар хүмүүс түүний энэ дууны доорх сэтгэгдэл хэсэгт “Энэ бол нүглээ хүлээж буй наминчлал байна”, “Ирээдүйг зөгнөсөн заналхийлэл байна”, “13 настай охиныг алахыг хүссэн дуугаа төрсөн өдрөөр нь цацаж л байдаг. Жинхэнэ сэтгэцийн өвчтэй хүн байна даа” гэх мэт сэтгэгдэл бичиж байна.
Дуучин D4vd болон Celeste Rivas охин хоёр хоорондоо ямар харилцаатай нь тодорхойгүй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэднийг 2 жилийн өмнө Discord-оор хоорондоо танилцсан гэжээ. Celeste охины ээж нь ч “Манай охин алга болохоосоо өмнө “David гэдэг нэртэй залуутай үерхдэг” гэж хэлж байсан” гэж мэдэгдсэн байна. Celeste охин хэд хэдэн удаа гэрээсээ зугтаж байсан аж. Магадгүй D4vd-д ухаангүй дурласан болохоор үргэлж тэднийх рүү зугтаж очдог байсан байх магадлалтай болж таарав. Харин тэрийг 2024 оны 4 сард гэрээсээ явахад нь ахиж хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ.
Celeste Rivas охиныг алга болсны дараа ээж нь цагдаад мэдэгдэж, эрэн сурвалжлуулсан боловч хэн ч түүнийг олж хараагүй тул охин бүтэн жил хагас олдоогүй. Харин цагдаа нар түүний цогцсыг өнгөрсөн 9-р сарын 8-нд олсны дараа ээж нь “Манай охин байж магадгүй” хэмээн цагдаа нарт хэлж, цогцсыг хараад таньсан байна.
Тэгвэл “Охин нь сураггүй алга болоод бүтэн жил хагас өнгөрч байхад цагдаад “Алга болсон” гэж мэдэгдэхээс өөр юу ч хийгээгүй нь ээж нь өөрөө нотой болж таарлаа” гэж интернэт даяарх зарим хүн үзэж байгаа аж. Магадгүй ээж нь 13 настай охиноо D4vd-тэй хамт байгааг мэдэж байсан ч мөнгө авч, өөр хүмүүст юу ч ярихгүй байхаар амаа үдүүлсэн байж болох уу?
Дуучин D4vd энэ сард аялан тоглолтоор явж байв. Энэ хэрэг илэрсний дараа 9-р сарын 17-нд Сиаттл хотод хийх байсан тоглолтоо цуцалжээ. Цагдаа нар D4vd-ын нэр дээр бүртгэлтэй “Тесла” машинаас цогцос олсныхоо дараа хамгийн ойр орших Лос-Анжелес дахь гэрийг нь шалгаж эхэлсэн байна.
Гэсэн хэдий ч D4vd тухайн машиныг өөрөө жолоодож яваад тэнд хаясан эсэх нь тодорхойгүй. Бас Celeste Rivas охины нас барсан шалтгаан нь хараахан тогтоогдоогүй байгаа юм. Иймд үүнийг “Санаатай аллага” гэж тогтоож чадахгүй, D4vd-ыг хараахан баривчлаагүй байгаа юм. “Энэ нь санаатай аллага байсан уу”, “Тэд хоорондоо яг ямар холбоотой байсан бэ”, “Celeste Rivas охин сураггүй алга болсон жил хагасын хугацаандаа тэдний гэрт хамт амьдарч байсан уу?” гэх зэргийг тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.