Дубай хотноо болсон Дэлхийн шуудан холбооны байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөлийн сонгуульд Монгол Улс анх удаа зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Үндэсний шуудангийн салбарын хөгжилд шинэ боломж нээж, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг бататгах, дипломат үйл ажиллагааны үр дүнг нотолсон, түүхэн ач холбогдолтой үйл явдал болжээ.
Дэлхийн шуудан холбооны байгууллага нь Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд гишүүн орнуудын хоорондын шуудан харилцааг зохицуулах, боловсронгуй болгох, аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой шуудангийн үйлчилгээний суурь стандартыг бий болгох зорилготой. Тус байгууллагын Шуудангийн үйл ажиллагааны зөвлөл нь гишүүн орнуудын шуудангийн бодлого, үйл ажиллагааг уялдуулах, шинэчлэл хийх, чадавх бэхжүүлэх чухал үүрэгтэй бүтэц юм.
Манай улс уг зөвлөлийн гишүүнээр ажилласнаар олон улсын шуудангийн бодлого, зохицуулалтад оролцох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, үндэсний шуудангийн салбарын хөгжилд чиглэсэн санал санаачилга гаргах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн дижитал шилжилт, цахим худалдаа, хил дамнасан шуудангийн үйлчилгээний шинэчлэл зэрэг чиглэлд олон улсын сайн туршлага, техник, технологийг улсдаа нутагшуулах, хүний нөөцийн чадавхыг нэмэх, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.