100 хүнээс 98 сая 760 мянган төгрөг луйвардсан С-ийн хэргийг шүүх хурал завсарлав


Иргэн С фэйсбүүкийн “Дэггүй моньд”, “Sunnywood Furniture” гэх хаягаас “Хүүхдийн ор зарна” гэсэн хуурамч зар фэйсбүүкт тавин, 100 хүнийг луйварджээ. Энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, энэ оны 7 дугаар сарын 3-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Ингээд 7 дугаар сарын 25-нд шүүх хурал хийхээр товлосон ч шүүгдэгч С-ийн өмгөөлөгч “Эрүүл мэндийн шалтгаанаар Солонгос улс руу явах, хагалгаанд орох шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү”, “Хяналтын прокурор чөлөөтэй тул хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулжээ.
9 дүгээр сарын 18-нд шүүх хурал болж, С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Тэрээр 100 хүнийг нийт 98,760,000 төгрөгөөр хохироосон аж. Үүнээс 83,560,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байжээ. Уг мөнгийг нэр бүхий хохирогч нарт олгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар уг мөнгийг нөхөн төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж,
5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасан байдаг. Үүнд үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл шүүх хурлыг завсарлуулав.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *