Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 38 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар баярыг нээж, уншигч, зохиолч, туурвигч, хэвлэн нийтлэгч, эх хэл, үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэгчдэд баярын мэнд хүргэлээ.
Тэр бээр, энэ баяр нь ном унших соёл, дадал хэвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг шинэ бүтээлээ нийтэд толилуулах, түгээх, уншигчидтай уулзах боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих, урамшуулах зэрэг ач холбогдолтойг дурдаж Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэрэмжит “Мэргэн ном” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” номын зохиогч Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарт гардууллаа.
Түүнчлэн Засгийн газрын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам салбарын хүндэт шагналуудыг гардуулан, мэндчилгээ дэвшүүлэн оролцоо.

“Соёлын тэргүүний ажилтан”-аар сэтгүүлч, редактор Ц.Бадамсүрэн, орчуулагч, ном хэвлэлийн ажилтан Б.Эрдэнэбаяр, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр сэтгүүлч, редактор, орчуулагч Ү.Мөнхзул нар тодорлоо.
Энэ удаагийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит “Номын грант шагналын эзнээр зохиолч, яруу найрагч Гун-Аажав овогтой Аюурзана тодорч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сэмжидмаа гардууллаа.
Мөн нэр бүхий 15 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагналаа.
38 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлтэд гадаад, дотоодын хүндтэй 10 гаруй зочид, төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо.