Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42 м урттай автомеханик шаттай машин 2 ширхгийг, 32 м урттай автомеханик шаттай машин 2 ширхгийг нийлүүллээ. Уг машинуудыг Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар Монголын цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн аж. Онцгой байдлын байгууллага анх удаа 42 м урт шаттай машинтай болж, гал унтраахад ашиглаж эхэллээ.
42 м урт автомеханик шаттай машиныг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид хуваарилав. 32 м урт автомеханик шаттай машиныг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангид өгчээ.
Эдгээр машиныг хэрхэн ашиглах, засах талаар Франц улсын “Десотел” грүппийн сургагч багш нар 15 хоногийн хугацаанд манай 30 гаруй албан хаагчид зааж, сургажээ.
