Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам 9 дүгээр сарын 15-21-нд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг боллоо. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 239 багц медалийн төлөө өрсөлдөв. Баянхонгорт спортын 17, Улаанбаатарт спортын 11 төрөлд өрсөлдөөн өрнөсөн юм.
Баянхонгор аймаг сүүлийн жилүүдэд спортын томоохон тэмцээн зохион байгуулсан туршлагатай. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-ны футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн, 2022 онд бадминтоны өсвөр үеийнхний УАШТ, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадам, 2023 онд Монголын волейболын холбооны клүбүүдийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулжээ.
1961 оноос эхлэн Монголын бүх ард түмний спартакиадыг дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа биеийн тамир, спортын шинэ төрлүүдийг орон нутагт дэлгэрүүлэхийн зэрэгцээ спортын шинэ амжилтыг тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөн олныг хамруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирэв. Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойг угтаж, анхны наадам зохион байгуулахад өвөл, зуны спортын нийт 17 төрөлд бүх шатны тэмцээнд 130 мянга гаруй тамирчин оролцжээ. Уг тэмцээнээс спортын зэргийг шинээр 1134 тамирчин, үүний дотор спортын мастерын болзлыг 21 тамирчин биелүүлж, улсын дээд амжилтыг 29 удаа шинэчлэн тогтоожээ.
Харин 2008 оноос Монголын бүх ард түмний спортын наадмын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд (паралимп, дифлимп)-ийн спортыг хамруулан өргөжүүлсэн байна.
Монголын бүх ард түмний спартакиад: 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онд болж, Монголын бүх ард түмний спортын наадам: 2004, 2008, 2012, 2016, 2022 онд болж байв.
1961 онд болсон анхны наадмын өвөл, зуны төрөлд “Алдар”, “Булган” нийгэмлэг тэргүүлсэн бол отгон наадам (2022 он)-д дүүргүүдээс Баянзүрх (101 медаль), аймгуудаас Хэнтий (49 медаль) түрүүлжээ.