УИХ-ын гишүүний өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүний дархан эрхэд халдсан талаарх байр суурийг сонирхлоо.
-АН, АТГ-аас өгсөн мэдээлэл зөрүүтэй байгаа. МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухай ярьж, гүйцэд мэдээлэлтэй болох чиглэлийг Хууль зүйн хороонд өглөө. Хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй. Ямар нэгэн дүгнэлтийг эрт хийх боломжгүй.
-УИХ-ын гишүүний дархан эрх гэдэг нь хувь хүнийг хамгаалах тухай биш, хууль тогтоогчийг хамгаалж байгаа явдал юм. Түүнээс биш УИХ-ын гишүүний дархан эрх гэдэг чинь гэртээ очоод авгайдаа загнуулахаас хамгаалах тухай биш юм. Энэ ордон дотор хууль тогтоох ажлаа хийж байхдаа ямар нэгэн айдсаас ангид байж үйл ажиллагаагаа явуулах тэр баталгаа боломжийг олгож байгаа хэрэг.
УИХ-ын гишүүн ард түмний элч. Гишүүний үгээ хэлэх боломжийг хааж боох нь ард түмний хэлэх эрхийг хязгаарлаж байгаатай адил. Гишүүнийг хамгаалж чадахгүй юм бол энгийн иргэний эрхийг бүр ч хамгаалахгүй гэсэн үг. Тийм учир дархан эрх байх нь чухал. Түүнээс биш хийсэн хэргийг нь хамгаалах гээд байгаа юм биш. Хууль хяналтын байгууллага шалгах үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах ёстой.
