Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, бичил уурхайн дүгнэлт гарсан талбайд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг есдүгээр сарын 03-12-нд хийлээ.
Тус хяналт шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд уурхайн талбайд зайлшгүй байлгах бичиг баримтын бүрдэл дутуугаар үйл ажиллагаа явуулсан, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөн ажилладаггүйн улмаас ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан 13 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь зогсоов.
Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ, мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлохдоо 3500 см3 илүү багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүрт нэгээс илүү техник ашиглах, өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийсэн талбайд ажилласан 7 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлосон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол орчимд өөрийн техник, тоног төхөөрөмжөө бусдад түрээсийн гэрээгээр ажиллуулж хамтран хууль зөрчиж ашигт малтмалын олборлосон, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах Бэрлэгийн цагаан тохойгоос Ерөө гол дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон, Бугант тосгоноос 35 км-т Хүнгүйч-Зүр хүзүү уулын арын хэсэг Ерөө голын эрэг орчимд хууль бусаар ашигт малтмал олборлосон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвөөс 5 км зайд Баян ханы өвөр гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон, Алтанбулаг сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч тусгай зөвшөөрлийн талбайн гадна ашигт малтмал олборлосон, Төв аймгийн Заамар сумын нутаг Нарангийн энгэр нэртэй газар байрлах XV-41000277 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн хажууд 50 м орчмын зайд иргэн аж ахуйн нэгжүүд хувиараа ашигт малтмал олборлосон; үйлдлийг илрүүлж, нотлох баримт, газар зүйн байршлын хамт орон нутаг дахь Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүллээ.

