Хэрэгцээт цахилгаан, төсөвлөсөн мөнгөний зөрүү дэндүү юм


Жил шахмын өмнө дөө. Гадаадад цахилгаан экспортлох тухай Шадар сайд Т.Доржханд дүн өвлөөр лааны гэрэлд ярьж суулаа. Өнөө жил “ДЦС 3”-ынхаа хамгийн шинэ турбиныг шатаачхаад, хэрэглэгчдэд өгдөг дулааныхаа хэмийг багасгах тухай яриад зогсож байна, Б.Чойжилсүрэн.

Огт хаширдаггүй, нүүр нь хэзээ ч улайдаггүй хүмүүс энэ салбарыг удирдах юм даа. Тэгж таардаг юм уу, тэгэхээс тэгэх гэж тааруулдаг юм уу. Үе үеийн Ерөнхий сайд нар эрчим хүчний салбарыг ямагт хойш тавьж, хамгийн ядмаг тархитай нөхдийг энэ салбарт тавьж ирэв. Эцэст нь байгаа байдлаа хар.

Өнөөгийн Ерөнхий сайд ч ялгаа алга. Энэ салбарт томилсон сайдыг нь, ирэх жилийн төсөвт тусгасан мөнгийг нь хар. Цахилгаан байхгүй бол бүгд байхгүй гэдгийг ойлгодоггүй хүмүүс ЗГ, Сангийн яаманд ажиллаж, Төрийн ордонд улсын төсөв баталж сууна. Яана даа!

Эрчим хүч 300 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. Зам, тээвэр нь 1 тэрбумын төсөвтэй

“2026 оны улсын төсөв дээр эрчим хүчний салбарт анхаарал хандуулаагүй байна. Эрчим хүчний салбар нь зам тээврийн салбараасаа бага төсөвтэй хэвээрээ. Эрчим хүчний салбар 300 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. Зам, тээвэр нь 1 тэрбумын төсөвтэй. Гэтэл эрчим хүчний салбар улс орны нийгэм, эдийн засгийг боомилсон ганц салбар. Ард түмнийхээ захиасыг тусгаагүй байж, асуулаа гэж шоудах ямар хэрэгтэй юм бэ. Төсөв дээрээ олигтой мөнгө тусгаагүй байж, ирэх онд 3.9 их наяд төгрөг зарцуулж, хамаг асуудлыг шийднэ гэж худал мэдээлэл тарааж байна. Бид ард түмэндээ үнэнийг хэлэх ёстой” гэж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдэгдлээ.

Уг нь замаас түрүүлээд эрчим хүч, дулаан бидэнд хэрэгтэй. Гэтэл байдаггүй. Манай сайд нар манийгаа лааны гэрэлд үстэй дээл, эсгий гуталтай өвөлжүүлээд, хөдөө тийш зам тавих гэнэ. Гишүүд, сайд нар хамаг мөнгөөрөө зам тавьж, сум, аймгуудыг засмалаар холбоно. Төрийн ордондоо дэнгийн гэрэлд нэхий дээл, сөхий гуталтай өвлийг өнгөрүүлмэгц Цагаан сараар малчид руугаа тэр замаараа сүнгэнүүлэх юм байна л даа.  

Эрчим хүчний салбарт 2026 онд нийт 3.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүний 347.4 тэрбумыг улсын төсвөөс гаргах бол  522.1 тэрбум төгрөгийг гадаад зээл, тусламжаас олох нь. Хувийн хэвшилтэй хамтарч 351.8 тэрбум, хувийн хэвшил дангаар 2 их наяд 566.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна гэдэг нь хувийн компаниудын барьж буй цахилгаан станцуудыг хэлж байгаа хэрэг. Үлдсэн 150 тэрбумыг бондоос босгоно.

Төрийн ордондоо дэнгийн гэрэлд нэхий дээл, сөхий гуталтай өвлийг өнгөрүүлмэгц Цагаан сараар малчид руугаа тэр замаараа сүнгэнүүлэх юм байна л даа

Үүний үр дүнд цахилгааны үйлдвэрлэлийг 3515 мянган МВт/ц-аар, төвлөрсөн дулааны хүчин чадлыг 112 МВт-аар нэмэгдүүлнэ. Ингэснээр импортын цахилгааныг 663.4 мянган МВт/ц- аар бууруулна. Сэрчихгүй бол сайхан л зүүд санж.

Өнгөрсөн жил манай улсын гадаадаас авсан цахилгааны 46.1%-ийг ОХУ, 53.9%-ийг БНХАУ нийлүүлжээ. Хойд хөршөөс 1.3 тэрбум кВт/ц, урд хөршөөс 1.5 тэрбум кВт/ц цахилгаан худалдаж авав. Монголчуудын цахилгааны хэрэглээ жилд дунджаар 8-10%-иар өсөж байна. Тэр дундаа өвөл оргил цагт 11%-иар их цахилгаан хэрэглэж байгаа юм. Энэ бол мэдээжийн зүйл.

Хөгжье гэвэл ямар нэгэн зүйл үйлдвэрлэнэ. Үйлдвэрт цахилгаан хамгийн түрүүнд хэрэгтэй. Агаарын бохирдлоос болоод цахилгаанаар орон гэрээ халаах хэрэгцээ улам ихсэж байна. Үүнийг дагаад төвийн бүсийн нэгдсэн сүлжээний ачаалал 2024 онд 1655 МВт хүрлээ. Үүний 1073 МВт-ыг Улаанбаатар хотынхон хэрэглэв. Энэ нь нийт ачааллын 64.8%-ийг эзэлж байна.

Нарны цахилгаан станц мэдээж зун хамгийн сайн ажиллаж, их цахилгаан үйлдвэрлэнэ. Гэтэл Монголд өвөл хамгийн их цахилгаан хэрэгтэй

Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 155 МВт-ын салхин цахилгаан станц, 181 МВт-ын Нарны цахилгаан станц бий. Нар, салхин цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлын 18.6%-ийг эзэлж, нийт эрчим хүчний 9.53%-ийг үйлдвэрлэж байна. Нарны цахилгаан станц мэдээж зун хамгийн сайн ажиллаж, их цахилгаан үйлдвэрлэнэ. Гэтэл Монголд өвөл хамгийн их цахилгаан хэрэгтэй. Үүнээс болоод Нарны станцууд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээгээр эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх боломжгүй байна. Иймээс эрчим хүчний нэгдсэн сүлжээнд горимын зохицуулалт хийх чадвартай станц шаардлагатай байгаа юм.

Хөрш орнуудын туршлагаас харахад, эрчим хүчний нэгдсэн сүлжээний горимын

зохицуулалтад оролцох боломжтой УЦС БНХАУ-д суурилагдсан хүчин чадлын 19.2%, ОХУ-д 20.24%-ийг эзэлж байгаа бол манайд ердөө 1.7%. Тэгэхээр том ДЦС, оргил ачааллын үед горим тохируулах, нөөцөө богино хугацаанд дайчлах  чадвартай том УЦС, усан цэнэгт, цэнэгт хураагуур, хийн станцуудыг хамгийн түрүүнд барих хэрэгтэй болж байна. Үүнд тэр хэрээр их мөнгө хэрэгтэй. Тэгтэл эрчим хүчиндээ зарцуулж байгаа мөнгөө хар л даа. Дэндүү юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *