Сүүлийн нэг сар, бүр тодруулбал сүүлийн 14 хоногт нийгмийг цочроосон сөрөг мэдээлэл ихээхэн тархаж, багагүй айдас түгшүүр төрүүлээд байна. Эдгээр хэргийн дуулиан намдаагүй байхад хоёр настай хүү алга болж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Гэтэл нийгмийн сүлжээгээр эцэг эхийг нь буруутгах, цагдаагийн ажилтнуудад үл итгэх сөрөг мэдээлэл гарах болов.
Эдгээр бараан мэдээлэл нийгмийн, хувь хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг бол. Үүнд сэтгэлзүйч Т.Мөнгөнбаяр хариулж байна. Хэрэв та аливаа сөрөг мэдээлэлд хэт мэдрэг хандаж, бүр тэр мэдээллийнхээ тухай буруугаар мушгин гуйвуулж байвал сэтгэлзүйчид нэг хандаад үзэхэд гэмгүйг тэрбээр хэллээ.
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 2 настай хүүг үнэхээр алга болсон гэдэгт итгэхгүй байгаа, эсвэл ээжийг нь буруутгасан, анхнаасаа байгаагүй юм биш үү гэж хардаж байгаа бол та өөрийнхөө сэтгэл рүү нэг өнгийж харахыг тэр зөвлөв. Энэ нь хэт бараан мэдээллийг байнга авснаар дасан зохицох эмгэгт өртөж, улмаар үл итгэх, үл ойлгох, байдаг л зүйл мэтээр хүлээн авах бүр цаашилбал сэтгэл хөдлөлөө алдах эрсдэлтэй. Ингэснээр хайрлах, энэрэх сэтгэлээ гээнэ. Энэ нь нэг төрлийн эмгэг юм байна.
Сэтгэлзүйч Т.Мөнгөнбаяр:
-Эмэгтэйчүүд гэмт хэргийн чанартай сөрөг мэдээлэлд автах нь эрчүүдээс илүү их байдаг. Бүр 78 хувиар илүү гэсэн судалгаа бий. Энэ нь болзолт аюулаас өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотнынхноо гэтэлгэх гэсэн зөн совин. Үүндээ хөтлөгдөж, ингэж татагдах нь элбэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн чанартай кино үзэх, аймшгийн түүх сонсох, кино тайлбар их үздэг болсон. Хандалтын дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь тэдний амьд үлдэх зөн совинтой холбоотой.
Сөрөг мэдээлэлд дасан зохицсоноор өөрийн мэдэлгүй хар бараан мэдээллийг хэт дэвэргэн, цааш дамжуулдаг. Ингэснээр нийгэмд гэмт хэргийн гаралт ихсэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, айдаст автуулах нөхцөл бүрдүүлдэг. Сөрөг мэдээлэлд ямар нэгэн шүүлтүүргүй хандаж, нийгмийн сүлжээнд тараахдаа ёс зүйгүй үг хэллэг ашиглах, үл итгэх, үл хүндэтгэх байдалтай байвал эмгэг үүсэж байгаагийн нэг хэлбэр. Гэтэл манай улс Дэлхийн бусад улстай харьцуулахад онц ноцтой, хүнд гэмт хэргийн гаралтаар тун бага хувь эзэлдэг, харьцангуй тайван орны тоонд ордог.