БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн асуудлаар хоёр тал цахим уулзалт хийлээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон БНСУ дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй ярилцав.
Энэхүү цахим уулзалтаар талууд харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хөдөлмөрийн гэрээт ажилтны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн маргаан зөрчлийн асуудал ба шийдвэрлэлтийн талаар ярилцлаа. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, эх орондоо эргэн суурьшиж буй иргэдийн мэдээлэл судалгааг боловсронгуй болгох юм байна. Мөн нийгмийн халамж болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны хөдөлмөрийн атташе болон тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн удирдлага, албан хаагчидтай цахим уулзалт зохион байгуулжээ.
