Ж.Оджаргалын хүсэл одоо биелэх нь дээ


Ухаахудаг. Ж.Оджаргал ганцаараа идвэл хэзээ ч таргалахгүй, ард түмэнтэйгээ олуулаа идвэл амархан таргалах өгөөжтэй орд гэж байгаа. Ийм гайхамшигтай ордыг Ж.Оджаргал гэдэг увайгүй нөхөр олон жил ганцаараа идээд, өөрөө ч таргалсан юмгүй, улс орноо ч гийгүүлсэн юмгүй байгаад байхаар нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг мундаг нөхөр ард түмэнд авч өгөх гэж байгаад, Ерөнхий сайдын сэнтийгээсээ огцорч, одоо нэмээд МАН-ын даргын тамгаа алдах гэж байгаа юм даг уу даа.

Хаваржин, зунжин ярьсан энэ үлгэр өнгөрсөн 7 хоногоос арай өөрөөр өрнөж эхэллээ. Хүүгээр нь дамжуулан эцэгт нь тавьсан дэгээнд Л.Оюун-Эрдэнэ бүдэрч, “Огцрох амархан” жагсаал зорилгодоо хүрсэн. Энэ жагсаалын бүүр цаадах зорилго өнөөдөр биелэх тийшээ хандаж, захиалагчид нь хүссэн ёсоороо хэлэлцээрийн ширээнд уригдлаа. Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн тулаандаа ялсан стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлийнхэн одоо Г.Занданшатартай хэл амаа ололцвол тугаа мандуулна.

“Огцрох амархан” жагсаалын бүүр цаадах зорилго өнөөдөр биелэх тийшээ хандаж, захиалагчид нь хүссэн ёсоороо хэлэлцээрийн ширээнд уригдлаа

Үндсэн хуульд 2019.11.14-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ…Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалт нэмсэн. Энэ бол стратегийн ордоос олборлож буй баялгийг 30 гэр бүл иддэг явдлыг зогсоож, ард түмэнд хишиг хүртээх эхлэл болсон заалт.

Үндсэн хуульд оруулсан дээрх заалттай холбоотойгоор Засгийн газар ажлын хэсэг байгуулан, стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж байна. Энэ хэлэлцээрээс хувийн хэвшлийнхэн татгалздаггүй. Ард түмэн баялгаасаа хүртээхгүй ч гэдэггүй. Үгүй гэвэл юу болохыг мэдэх учраас тэр.  

Ухаахудаг бол уул уурхайгаас ахиухан хишиг хүртэх гэсэн монгол хүн бүрийн асуудал. Баялгийн сандаа Ухаахудагийг авчихвал бүх юм болчих мэтээр Л.Оюун-Эрдэнэ ард олонд ухуулж ирсэн. БЭТ хүртэл томилсон. Хэлэлцээ хийх үүрэгтэй БЭТ Ж.Батзандан Ухаахудагийг авчирч чадаагүй. Л.Оюун-Эрдэнийг огцруулахад л нэрмээс болсон байх.

Харин одоо Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч компаниудын эздийг 9-р сарын 19-нөөс эхлэн, Төрийн ордонд урьж, хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Түүний урилгыг хүлээж авсан Ж.Оджаргал өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд “Тавантолгойн бүлэг орд бол стратегийн орд. УИХ-аас 2007 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар тухайн үеийн Засгийн газартай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр 9 удаа хийсэн. Ингээд Тавантолгойн бүлэг ордын 6 лицензийн 5-ыг нь төрд өгсөн. Энэ бол нийт нөөцийн 96%. Стратегийн ордын жагсаалтад Тавантолгойн бүлэг орд гэж байдаг. Ухаахудаг гэж стратегийн орд байдаггүй. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг нь Ухаахудаг” хэмээн мэдэгдлээ. Тавантолгойн бүлэг ордын 96%-ийг улсад буцаан өгч, ердөө 4%-ийг нь авсан хэмээн тэр тайлбарлав. 50%-ийг нь төрд өгөөд, 50%-ийг нь авчхаж болох байсан ч 4%-ийг авч, 96%-ийг өгсөн гэдгээ сануулав.

50%-ийг нь төрд өгөөд, 50%-ийг нь авчхаж болох байсан ч 4%-ийг авч, 96%-ийг өгсөн гэдгээ Ж.Оджаргал сануулав

Энэ үйл явдалтай зэрэгцэн Уул уурхайн үндэсний ассоциац өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хууль өөрчлөгдөх бүрт хувийн өмчид халдаад байж болохгүй. 3D макет дээр гацсан төслүүдтэйгээ өнөөдрийг хүрлээ. Стратегийн орд гэсэн ойлголтыг дахин хэлэлцэж, хувийн эзэмшлийн ордыг улсын мэдэлд авах нь хүний өмчтэй байх эрхийг зөрчиж байна” хэмээн мэдэгдэж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай Засгийн газар харилцан ойлголцож, тэгш эрхтэйгээр урт хугацаанд хамтрах шийдэлд хүрэх нь аль аль талдаа ашигтайг сануулав.

Үнэхээр Ж.Оджаргалын хэлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгөө оруулчихсан байж байтал гэв гэнэт төр “Эзэн нь юмаа мэдлээ. Танайхаас ордоо буцаагаад авлаа” гэвэл айж үргээд, хөрөнгө оруулах хүн олдохоо болино. Олдохоо ч больсон. Өчнөөн айлгасан. Олон ааштай, тогтворгүй улстөрчид гадаадын олон ч хөрөнгө оруулагчийг үргээчихсэн. Л.Оюун-Эрдэнэ сүүлчийнх нь байгаасай гэж дотоодын уул уурхайн салбарынхан өдрийн бодол шөнийн зүүд болж яваа. Г.Занданшатарын Засгийн газар үүнийг цэгцэлвэл тэд ядаж нойртой хонодог болно. Нэмэр болдоггүй юм гэхэд гай болохгүй байхыг л тэд улстөрчдөөс хүсдэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *