Хонконг хот энэ оны хамгийн хүчтэй супер хар салхи дөхөж буйтай холбогдуулан сургууль, аж ахуйн нэгжүүдийг хааж, мягмар гаргийн оройны ихэнх нислэгийг цуцлахаар болжээ.

Оршин суугчид ирж буй хар салхийг даван туулахад бэлтгэж байгаатай холбогдуулан, дэлгүүрүүдийн бүх талх, шинэ хүнс дуусжээ. Дэлгүүрийн эзэд ч мөн дэлгүүрийнхээ үүдэнд элс дүүргэсэн шуудай өрөн, хамгаалалт хийж байна.
Даваа гарагт Филиппинийг дайрч өнгөрсөн “Рагаса” нэртэй асар хүчтэй хар салхи мягмар гаргийн орой гэхэд Ази тивийн санхүүгийн төв болсон Хонконг хотод хүрэх төлөвтэй. Тус хар салхинд сая сая хүн өртөж болзошгүй. Дараагийн өдрүүдэд Вьетнамын хойд хэсэг болон БНХАУ-ын Гуандун муж руу чиглэхээр байгаа тул эрх баригчид “сүйрлийн хэмжээний аюултай нөхцөл байдалд” бэлдэхийг иргэддээ анхааруулж байна.
Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал “Мягмар гаргийн 18:00 цагаас эхлэн маргааш хүртэл нислэгийн үйл ажиллагаанд ихээхэн доголдол үүснэ” гэж мэдэгдлээ. “Cathay Pacific” компанийн 500 гаруй нислэг цуцлагдах төлөвтэй байгаа бол “Hong Kong Airlines” бүх нислэгээ цуцлахаа зарлажээ.
Хятадын Гуандун мужийн олон хотод сургууль, аж ахуйн нэгжүүд хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ зогссон байна. Хонконгтой хил залгаа Шэньжэнь хотод 400,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэв.
Хонконгийн засаг захиргааны нарийн бичгийн дарга Эрик Чан уг хар салхийг Хонконгод “Ноцтой аюул учруулна” гэж анхааруулсан бөгөөд өмнө нь Хонконгод сүйрлийн хэмжээний хохирол учруулж байсан хоёр том хар салхитай харьцуулж онцолсон байна.
Эх сурвалж: BBC News