Цас цэвэрлэх, давс, бодис цацах 10 машин авлаа


Улаанбаатар хотын хогийг тээвэрлэх, зам талбайг цэвэрлэх, зориулалтаар энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр тусгай зориулалтын 301 машин, механизм, тоног төхөөрөмж авна. Үүнээс өнөөдөр цас цэвэрлэх, давс, бодис цацах зориулалттай “Howo V7X” маркийн 10 машин хүлээн авлаа.

Энэ машинаар өвөл цас шүүрдэх, давс, бодис цацах бол дулааны улиралд хог тээвэрлэх юм. Нэг удад тасралтгүй 8-20 цаг ажиллан, 10 гаруй тонн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөн талбайд цацах хүчин чадалтай. Мөн шүүр болон давс, бодис цацах төхөөрөмжийг 5-15 минутад солин, ажиллах горимд шилжүүлж болно. Түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй.  

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт 7 аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэсэн, тусгай зориулалтын 170 гаруй машин, механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм. 

Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодез, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна.

2024 оны 10 дугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэх таван төрлийн 33 машин, техник нийлүүлсэн. Үүний 10 нь цас цэвэрлэх, түрэх, давс цацах, 8 нь шүүрт машин, 10 нь бага оврын цас цэвэрлэгч байв. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмж оруулж иржээ. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *