Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороонд орших “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд 7-р сарын 18-19-нд шилжих шөнийн 03:45 цагийн үед хэсэг залуус зодолдон, 1 залуу хүнд гэмтсэн юм. Энэ хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан, “Жем грүпп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Ц.Санжаачойпэл, иргэн Л.Алтан-Очир нарыг цагдаагийн байгууллага саатуулсан бол “Таванбогд” грүппийн захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан “Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. 7-р сарын 27-нд буцаж ирнэ” гэж хэлээд, 7-р сарын 21-нд гадаадад оргон зайлсан.
Түүнийг “Интерпол”-ын Улаан булант зараар олон улсад эрэн сурвалжилсан. Тайландад эмнэлэгт хэвтэж байхад нь тус улсын цагдаагийн байгууллага түүнийг илрүүлэн, баривчилжээ. Ингээд энэ сарын 22-нд манай улсад шилжүүлэн өгснөөр Улаанбаатарт авчирсан юм. Түүнийг гадаадаас авчирмагц бусдынх нь адил ШШГЕГ-ын Цагдан хорих төвд хүргэж, цагдан хорих тухай яригдаж байсан ч тэгсэнгүй. Б.Амарсайханыг батлан даалтад өгч, гадуур шалгаж байгаа аж.