Дамбадаржаа дулааны станцыг 2026 онд барьж дуусна


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 63 МВт хүчин чадалтай дулааны станц барьж байна. Дамбадаржаа дэд төвийг цахилгаанаар хангах уг станцыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран санхүүжүүлж буй. Уг станцын барилгыг 2024 оны 4 дүгээр сард барьж эхэлсэн бол 2026 оны 8 дугаар сард дуусгаж, 9 дүгээр сараас туршиж, тохируулна.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд уг төслийг хэрэгжүүлж буй. Эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологитой 3х21 МВт хүчин чадалтай зуухтай. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувь. Хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан, 95–98 хувь хүртэл бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдэлтэй юм.

Тус станцыг “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” барьж, өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай үргэлжилж байна. Үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейрийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөрбетон суурийн ажил бүрэн хийгджээ. Мөн 86 метрийн өндөр цутгамал төмөрбетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дууссан байна.

Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил эхэлсэн. Гүйцэтгэгч байгууллага 2025–2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэхээр төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *