Сэргээш хэрэглэсэн тамирчин өөр холбооны тэмцээнд оролцохыг хориглоно


Биеийн Тамир, Спортын Улсын Хороо (БТСУХ)-ноос допингийн зөрчил гаргасан тамирчдыг бусад холбооны тэмцээнд оролцохыг хориглодог заалттайг сануулан, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд:

ЮНЕСКО-гийн Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Дүрэм батлах тухай” 376 дугаар тогтоолоор “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлан хэрэгжүүлж байна.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.63 дахь хэсэгт “Эрх нь хасагдсан, түр түдгэлзүүлсэн шийтгэл авсан тамирчин, бусад этгээдийг Дэлхийн допингийн эсрэг дүрэмд гарын үсэг зурагч аливаа тал, түүний гишүүн клуб болон бусад байгууллагаас зохион байгуулсан аливаа зэрэглэлийн тэмцээн, үйл ажиллагаа (албан ёсны сургалтуудаас бусад), эсхүл аливаа мэргэжлийн лиг, олон улсын болон үндэсний зэрэглэлийн тэмцээн, наадам, Засгийн газрын оролцоотойгоор зохион байгуулагдах өндөр зэрэглэлийн болон үндэсний хэмжээний аливаа спортын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэж заасан.

Гэтэл олон улсын болон үндэсний дүрэм зөрчин, шийтгүүлсэн тамирчид өөр холбооноос зохион байгуулсан тэмцээнд оролцдог, өөр спортын холбооны удирдлагад ажилладаг, зөрчил гаргасан тамирчин дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцсийн шийдвэр гараагүй байхад олон улсын болон дотоодын тэмцээн, бусад үйл ажиллагаанд оролцох зэргээр дүрэм зөрчсөөр байна. Энэ зөрчил нь спортоор хичээллэгч хүүхэд, залуучууд, тамирчдад дүрмийн бус, ёс зүйн буруу үлгэр дууриал болох, олон нийтэд сөрөг ойлголт өгөх, тамирчдын цаашдын спортын замнал зэрэгт тус тус сөрөг үр дагавар дагуулж байна.

Иймд спортын тэмцээн, наадам, аливаа үйл ажиллагаандаа Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандарт, Допингийн эсрэг үндэсний дүрмийг чанд мөрдөх, эрх нь хасагдсан, түр түдгэлзүүлсэн шийтгэл авсан тамирчны талаарх мэдээллийг тухайн Олон улсын спортын холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага зэрэг эрх бүхий холбогдох байгууллагаас тодруулж байхыг спортын холбоодод анхааруулъя.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *