УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2025.09.25/ хурлаараа иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт болон ажлын хэсгээс боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-аас гаргасан “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл нь хуулийн хүрээнд гаргасан шийдвэр байна” гэж ажлын хэсэг дүгнэжээ.
УИХ нутгийн өөрөө удирдах байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Иймд Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулж, авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдэл, зарцуулалтад хяналт тавих чиглэл өгөхөөр тусгасан байна.
Нийслэлийн ИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмсэн юм. Тээврийн хэрэгслийн албан татварыг 3, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмээд байгаа.