УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гаргийнхаа хурлаар С.Ганбаатар гишүүний талаар хэлэлцжээ. Түүнийг эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулахаар өнгөрсөн 7 хоногт прокурорын байгууллагын төлөөлөл Төрийн ордонд орсон юм.
АН-ын бүлгийн гишүүдээс Х.Тэмүүжин, Ө.Шижир, О.Алтангэрэл, Б.Жаргалан нар С.Ганбаатарыг хамгаалах ёстой гэсэн бол залуу гишүүд “С.Ганбаатар хууль зөрчөөгүй бол Монгол Улсын хуулийг хүндэтгэн шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдал нэрээр хэрэг хаацайлж болохгүй. Монгол Улсын иргэн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой” гэсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө дуудаж шалгасан. Эцэстээ хэрэг үнэн мөнөөрөө тогтоогдож, шүүх цагаатгасан. Энэ үед манай бүлгийнхэн намайг нэг ч удаа хамгаалж байгаагүй. С.Ганбаатар хэрэг хийгээгүй бол шалгуулахаас юундаа зугтсан юм бэ? Шалгуулаад шүүхээр үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй” гэж зөвлөжээ. Түүний саналыг тус бүлгийн олонх гишүүн дэмжсэн байна.