Фэйсбүүкийн “Дэггүй моньд”, “Sunnywood Furniture” гэх хаягаас “Хүүхдийн ор зарна” гэсэн хуурамч зар фэйсбүүкт тавин, 100 хүнийг луйвардсан С-ийн хэргийг шүүх хурал нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр 12:00 цагаас үргэлжилнэ. Түүний энэ хэргийг 9 дүгээр сарын 18-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм.
Тэрээр 100 хүнийг нийт 98 сая 760 мянган төгрөгөөр хохироосон аж. Үүнээс 83 сая 560 мянган төгрөгийн хохирлыг төлөөгүй байжээ. Уг мөнгийг нэр бүхий хохирогч нарт олгохоор шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар уг мөнгийг нөхөн төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлага авсан юм. Уг завсарлага өнөөдөр 12:00 цагт дуусна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж,
5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасан байдаг. Үүнд үндэслэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 9 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл шүүх хурлыг завсарлуулсан юм.