“Таван богд” компанийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” компанийн захирал Б.Амарсайхан нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн, хүн зодож, хэвтэрт оруулчхаад, гадаад руу оргон зайлсан. Түүнийг Олон улсын цагдаагийн байгууллага (Инперпол)-оор дамжуулан, Дэлхий даяар эрэн сурвалжилсны дүнд Тайландын Банкок хотоос баривчилж, 9 дүгээр сарын 22-нд Монголд авчирсан юм. Түүнийг Өмнөд Солонгос руу найз охин дээрээ очихоор явсан гэх мэдээлэл анх гарсан ч ийн өөр улсаас баригдлаа.
Б.Амарсайханыг байхгүй хойгуур нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн цагдаагийн I хэлтэс түүний үйлдлийг бусдынхаас нь тусгаарлан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хэргийг шалгаж байв. Харин одоо Б.Амарсайханыг Монголд авчирч, мэдүүлэг авсан тул үйлдлийг нь буцаан нэгтгэж, хамтад нь шалгаад дуусаж буй аж.
Ц.Санжаачойпэл энэ хэрэгтээ хохирогч Д.Саяннямбууг татаж, түүнийг хохирогч биш яллагдагч болгоод байна. Д.Саяннямбуу зүгээр зодуулаагүй, харилцан зодолдсон, өөрийнх нь биед гэмтэл учруулсан хэмээн Ц.Санжаачойпэл цагдаад мэдүүлж, Д.Саяннямбууг яллагдагчаар татуулсан аж. Түүгээр ч зогсохгүй түүнд хилийн хориг тавиулж, гадаад руу эмчилгээнд явах боломжгүй болгохоор шүүхэд хандсан юм. Шүүх уг хүсэлтийг 9-р сарын 10-эд хэлэлцээд, хүлээж аваагүй.