Морингийн давааны 1,5 км авто замыг ирэх сард ашиглалтад оруулна


Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт авто замын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК шалгарч, тавдугаар сарын 5-наас ажлаа эхлүүлсэн юм.

Зорчих хэсгийн хоёр эгнээтэй, долоон метр өргөн асфальт бетон хучилттай зам нь хоёр талаараа явган хүний зам, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна. Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр рүү тавьж байгаа болохоор хүнд даацын машин явахад зориулж суурийг цементээр бэхжүүлж араас нь асфальт бетон хучилт хийх юм. 

Ирэх оноос Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг зогсооно. Ингэснээр Морингийн давааны болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын нийт хог хаягдал төвлөрөх юм. Түүнчлэн Морингийн давааны Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт дахин боловсруулсан хайрга дайргыг жил бүр хийдэг авто замын урсгал засварт ашиглахаар төлөвлөөд байна. Мөн тус байршилд хог хаягдлаас гадна малын сэг зэм их байдаг. Иймээс цаашид тухайн орчмыг хог хаягдлын эко парк хэлбэрээр хөгжүүлэн, ангилан ялгах, бордоо хийх үйлдвэрүүдийг төвлөрүүлэх бодлого баримталж байгаа тул уг авто зам нь ихээхэн ач холбогдолтой юм. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *