УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд зэрэг улс төрийн томчууд өнөөдөр бие биеийнхээ бузрыг дэлгэж булайгаа шидэлцсээр намынхаа бага хурлын товтой золгож байна. Эрх баригч намын даргын суудалд суухын тулд ямар үнэ төлөх нь одоо тэдэнд хамаагүй болжээ. МАН-ын дарга болохын тулд тэд хүн амины хэрэг, авлига албан тушаалын хэрэг гээд хийгээгүй хэрэг, хутгаагүй хор байхгүй юм биш үү? гэдэг айдас эргэлзээг нийгэмд өөрсдийнхөө амаар бий болголоо.
Энэ дунд хамгийн аймшигтай мэдээлэл нь хууль хяналтын байгууллага энэ намынхны захиалгаар ажиллаж, хүн дарамталдаг тогтолцоонд шилжсэн тухай асуудал юм. Авлига албан тушаалын хэргийг судалж шударга ажиллах үүрэгтэй АТГ нь улс төрийн захиалгаар хүн намнадаг хэрэгсэл болсон тухай баримт МАН-ын лидерүүдийн амнаас тов тодорхой гарлаа. Тэдний энэ үгийг цөөнгүй их хурлын гишүүд сонссон дуулсан хэмээн баталгаажууллаа. Харин Авлигатай тэмцэх газрын зүгээс мэдэгдэл гаргаснаас хэтэрсэнгүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэн тэр олон гэмт хэргийг хэрхэн шалгаж, хэрхэн мухарласан талаар баримт гаргасангүй. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэлгэсэн Бага хурлын гишүүдийг 20, 20-иор нь АТГ-д дуудаж дарамталсан асуудлыг МАН-ын генсек Я.Содбаатарын утасны товшилтоор устгасан зэрэг Олон нийтийг хэрдхийлгэсэн мэдээлэлд ч мөн нарийн тайлбар хэлсэнгүй ээ. Ингээд бодохоор Авлига албан тушаалын гэмт хэрэг мөрдөн шалгах үүрэгтэй хуулийн байгууллага нь өөрөө эрх баригч намын намнаа хийх зориулалт бүхий гар хөл үнэхээр болоо юу гэсэн айдас болгоомжлолыг олон нийтийн дунд үлдээлээ.
Энэ удаагийн МАН-ын даргын сонгуульд өрсөлдөгчид МАН-ын нийгэмд бий болгосон идээ буглааны зах зухаас дуулгасан байх магадлалтай. Энэ ч утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэн хэнийгээ алсаас сүрдүүлэх замаар нэр хүндийг нь унагах гэж оролдсон болов уу.
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хооронд өрнөсөн МАН-ын даргын өрсөлдөөнд хэн нь ялах нь одоо олон нийтэд сонин биш. Харин тэдний дэлгэсэн МАН-ын гишүүдтэй холбоотой гэмт хэргийн мэдээллүүд хэрхэн эцэслэгдэх нь л сонин байна.