Амиа егүүтгэх бол мөсөн уулын орой нь. Ил харагдаж байгаа индикатор


“Сэтгэцийн эрүүл мэнд-2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх өдөр болгон зарласан. Үүнтэй холбоотой шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлаар дараах асуудлыг голчлон хэлэлцлээ.

  • амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх,
  • хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд
  • тархи судлал
  • сэтгэцийн эмгэг судлал
  • нийгмийн эрүүл мэнд

Үндсэн илтгэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг “Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” сэдвээр тавилаа. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй олон улсын бодлого, амиа хорлох зан үйлийн урьдчилан сэргийлэлт, биологи ба сэтгэл судлал зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавилаа.

АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандорж:

-Аутизмын хүрээний эмгэг болон АДХХЭ-н илрүүлгийн асуумжийн тохиромжит байдлын үнэлгээ сэдвээр илтгэл тавьсан юм. Сүүлийн жилүүдэд аутизмын оноштой хүүхдүүдийн тоо Дэлхий дахинд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм байна. Энэ нь хэдийгээр оношлох арга нарийссантай холбоотой, одоо болтол яг юунаас үүдэж аутизмтай болж байгааг тогтоох аргагүй байгаа талаар дурдлаа.

Мөн Монгол Улс сэтгэцийн эрүүл мэндийн талаар өргөн хүрээг хамарсан судалгааг хоёрхон удаа л хийсэн байдаг. Гэхдээ энэ нь тоо баримтат тулгуурлан ажиллах боломжийг хангах үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Р.Энхтүвшин:

-Сэтгэцийн эрүүл мэнд зөвхөн эмч нарын ажил биш. Жишээ нь ажилгүйдэл 1 хувиар нэмэгдэхэд амиа егүүтгэл 4,5 хувиар нэмэгддэг. Тэгэхээр зөвхөн эмчийн биш, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны асуудал болж байгаа биз. Боловсролын асуудлыг нэрлэж болно. Гурван настай хүүхдүүдээс эхлээд 18 нас хүртэлх хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсролыг өгч чадаж байна уу. Стрессээ даван туулах боловсролыг багаас нь зөөж өгсөн юм уу. Зөвхөн цаасан дээр “тийм байна” гэсэн заавар бичих өөр хэрэгжүүлэх шал өөр асуудал гэв.

Түүнчлэн амиа егүүтгэх мөсөн уулын орой. Нийгмийн ил харагдаж байгаа индикатор гэдгийг онцлов.

Нийгэм хэдий чинээ буруудаж байгаа нь төдий чинээ ийм явдал гарахаар илэрдэг болохоор индикатор гэж байгааг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэгийн 4 дэх удаагийн чуулган, Монголын НейроСайнсын нийгэмлэгийн 12 дахь удаагийн чуулган төрөөс баримтлах бодлого боловсруулахад нэгдсэн нэг ойлголт өгөх, нийгмийн дунд мөн энэ ойлголтын зөрүүг арилгах үндсэн зорилгын хүрээнд боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *