МАН бага хурлаа хийж, шинэ дарга сонгох үйл явц өнгөрсөн бямба, ням гаргийг дамнан үргэлжлэв. Тус намын зарим гишүүн Л.Оюун-Эрдэнийг намын даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх эсэхэд эргэлзэж байсан ч хуучин дарга өргөдлөө өгч, шинэ даргад зайгаа тавив. Харин тэр зайг хэн эзэлсэн нь одоогоор ойлгомжгүй, МАН шинэ даргатай болсон ч юм шиг, болоогүй ч юм шиг байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бага хуралд оролцсон нийт гишүүдийн 85.67%-ийн саналаар МАН-ын дарга болжээ.
Тэгвэл МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөрийн мэдээллээс үзвэл МАН-ын бага хурал бантан болж, хуучин дарга нь ажлаа өгөөгүй, шинэ даргын сонгууль ч шал сонин юм болжээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ЫН ДАРГЫН АЖЛАА ӨГСӨН ҮҮ?
Шинэ даргыг сонгохын өмнө хуучин дарга нь эхлээд чөлөөлөгдөх өргөдлөө бага хуралдаа бичгээр өгөх ёстой. Энэ бол хаана ч тогтсон дүрэм. “МАН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө Л.Оюун-Эрдэнэ өгсөн үү?” гэсэн сэтгүүлчдийн асуултад МАН-ын бага хурлын Тооллогын комисс “Өгсөн” гэж хариулсан ч өөр баримт нотолгоо харуулсангүй.
Тус намын бага хурлын гишүүд ч энэ талаар тодорхой хариулт өгч чадахгүй, юу болоод өнгөрснийг ч ойлгохгүй явна. “Л.Оюун-Эрдэнэ намын даргын ажлаа өгсөн” “Өгөөгүй” хэмээн мэтгэлцэж, болсон явдлыг нэгбүрчлэн нягтлан ярилцаж байна.
“Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын ажлаа өгье гээгүй. “Би даргын ажлаа өгөх нь нээлттэй” гэж хэлсэн. Бичгээр өргөдөл гаргаагүй. Тиймээс ч бага хурлын гишүүд “Намын дарга сонгох асуудал байгаа юм уу” гэж асууж байсан. Хууль, дүрмээр бол хуучин дарга нь МАН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлт өгч, бага хурал уг хүсэлтийг хүлээн авч тогтоол гарган, хүсэлтийг нь баталгаажуулах ёстой. Гэтэл бичгээр хүсэлтээ гаргаагүй. Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаас чөлөөлсөн тогтоол, дараагийн даргыг сонгож баталсан тогтоолыг тусад нь гаргах ёстой. Тэгтэл үүнийг нэгтгэж, 1 тогтоол дээр оруулсан. Энэ бол хэн нэг нь даргаар сонгогдохгүй бол хуучин дарга нь хэвээрээ байх гэсэн арга” гэж МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
ХЭН НЬ Ч 2/3-ЫН САНАЛ АВААГҮЙ БОЛ ЯАХ ВЭ
Тус намын дарга ажлаа өгвөл бага хуралд оролцсон гишүүдийн 2/3-ын саналаар дараагийн даргаа сонгодог аж. Нэр дэвшигчдийн хэн нь ч 2/3-ын санал аваагүй бол яах вэ гэдгээ тус нам дүрэмдээ тусгаагүй байв. Ийм үед хэрхэхийг Тооллогын комисс шийддэг гэнэ. Санал тоолох үүрэгтэй Тооллогын комисстоо МАН л журам батлах эрх олгосон байдаг аж.
Ж.Алдаржавхлан, Б.Баярбаатар нарын тайлбарлаж буйгаар бол нэр дэвшигчдийн хэн нь ч 2/3-ын санал авахгүй байвал хэдэн ч удаа санал хурааж болдог гэнэ. Бүтэн 7 хоног, сар, жил үргэлжилсэн, дуусдаггүй санал хураалт болж сунжрах боломжтой юм байна.
Саналаа өгмөөргүй, нэр дэвшигчдийн хэнийг нь ч дарга болгохыг хүсэхгүй байхад, өөр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байхад өнөө л хүмүүсээ дахин дахин зүтгүүлж, заавал хэн нэгэнд нь санал өгөхийг тулгадаг болж таарав. Ийм нөхцөлд хэн ч залхаад, хэн нэгэнд нь саналаа өгч таарна. Ардчилсан сонгууль арай ийм баймгүй. Коммунист тулгалт шиг л санагдав.
БАГА ХУРАЛ БАНТАН БОЛЖЭЭ
МАН-ын бага хуралд 479 гишүүн ирэхээс эхний санал хураалтад 442 гишүүн оролцож, Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9%-ийн санал авчээ. Ингээд маргааш нь 10:00 цагаас дараагийн санал хураалт явуулахаар тогтон, бага хурлын гишүүд тарсан байна. Гэсэн ч санал хураалтаа тэр даруй үргэлжлүүлэхээр болж, Улаанбаатараар нэг тарсан, зочид буудал руугаа буцсан, аль хэдийнэ орондоо ороод дугжирч байсан гишүүдээ буцаан дуудсан гэнэ.
Энэ хооронд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комисс 2 дахь шатны санал хураалтыг хэрхэн явуулах журам гаргажээ. Уг журмыг 2 нэр дэвшигч зөвшөөрсөн гэнэ. Ингэхдээ бага санал авсан хэмээн Г.Занданшатарыг хасаж, хамгийн их санал авсан Д.Амарбаясгалан дээр дахин санал хураасан байна.
Ирцээ хүргэхийн тулд жорлон нэгжих, гэр лүү нь хүн явуулах зэргээр гишүүдээ яаж ийгээд цуглуулж, ирцийн босго давуулжээ. Ингээд ирцийг дахин тоолоход, анх байсан 442 гишүүнээс нь 121 нь ирээгүй, 321 нь ирсэн байсан гэнэ. Тэдэнд саналын хуудас тараан, “Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох уу” гэсэн санал авчээ. Саналын хайрцагнаас хүчингүй 46, хүчинтэй 275 хуудас гарч ирсэн байна. Ийн 275 гишүүн буюу 85.67% нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд санал өгсөн юм байна.
One response to “МАН шинэ даргатай болсон уу, үгүй юү?”
Хүрэлсүх, Амарбаясгалантайгаа удирдаад яв аа.