Монголын асуудал нь МАН болсон байна


МАН-ын гишүүд нэг нэгнийгээ хулгайчаар дуудан, нэгнийхээ хулгайг илчилж өгч байна. АТГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар өөрсдөө хулгайчийг хайх шаардлагагүй болж, хийх ажил, илрүүлэх хэрэг аяндаа ундарч байна даа.

“Маргааш Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох юм бол нүүрсний хулгайч нарын нам болно. Юу үнэн энэ үнэн” гэж Ш.Раднаасэд энэ сарын 26-нд мэдэгдэв.

Тэгтэл тэр Ш.Раднаасэд нь АТГ-аас 2022.12.13-нд зарласан “Нүүрсний хэрэг 1”-т нэр холбогдсон хүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир, засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн засаг дарга асан Б.Бадраа, “Эрхэт Монгол” грүппийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан А.Ариунболд, Б.Ганхуяг нарын 17 хүнийг АТГ нэрлэснийг сануулъя.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох “Нүүрсний хулгайтай холбоотой нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор нийт 47 обьектод нэгжлэг явуулсан” гэж мэдэгдсэн ч энэ хэрэг шүүхэд очихдоо нүүрсний хэрэг биш болж төгссөнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг “Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй. Энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэж 2024.09.12-нд мэдэгдсэнийг мартаж болохгүй.

70 их наядаар хэмжигдсэн энэ хулгай одоо 10 тэрбумын хулгайгаар үргэлжилж, “Нүүрс” цувралын 2-р ангийг одоо бид бүхэн үзэж байна

“Нүүрсний хэрэг 1” прокурорын шатанд ийн замхарч, 2024 оны сонгуулиар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж нар УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд орсон. Нүүрсний хэрэгт 1 ч хүн шийтгүүлээгүй, харин ч 4 нь их хурлын гишүүн болж, дэвшлээ.

Тэр үед 70 их наядаар хэмжигдсэн энэ хулгай одоо 10 тэрбумын хулгайгаар үргэлжилж, “Нүүрс” цувралын 2-р ангийг одоо бид бүхэн үзэж байна. Энэ киноны төгсгөлийг сонирхох хэрэггүй. 1-р анги шигээ л төгсгөлтэй байх нь тодорхой. Харин өрнөл нь тун үзүүштэй болж байна.

“Нүүрс” цуврал эхлэхэд л хулгайч нар нь МАН-ын гишүүд байсан. Энэ намаас эрх мэдэлд хүрсэн, эрх мэдлээ ашиглан хулгай хийсэн байсан. Тэдний хулгайг илчилсэн хүмүүс ч тус намынхан. Одоо 2-р ангийн хулгайч нар бас л энэ намынхан. Илчилж байгаа хүмүүс нь ч МАН-аас өндөр суудалд хүрсэн эрхмүүд байна.

Төрийн эрхийг олон жил, олон удаа дараалан дангаар барьсаар, энэ намынхан өөрсдийгөө хаан мэт санадаг болжээ. Хааныг хэн ч шүүж, бас яллаж чадахгүй гэж тэд санан, тэрбум, их наядаар нь хулгайлж байгааг та бид харж, сонсож байна. Хэн ч шүүж, яллаж чаддаггүй учраас нэг нэгийгээ илчилж байна.

Монголын асуудал нь МАН болсон байна. МАН ард түмний зовлон болж байна

Энэ намын дарга, Ерөнхий сайд байхдаа Л.Оюун-Эрдэнэ мега төсөл ярьж, түүнийхээ цаана мега хулгайгаа нуусныг намынх нь гишүүд илчилж эхэллээ. Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэх АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлдэггүй хэрнээ төр, засгийн шийдвэрт ихээхэн мэдэлтэй оролцдог албан тушаалын ард 8 жил нуугдангаа мега хулгайд оролцсоныг мөн л намынх нь гишүүд мэдээлж байна.

“Нүүрс” цувралын 1-р анги дээр Б.Ганхуяг “Намайг явуулчхаад намын цагаан байрандаа гол хүмүүс нь үлдчихлээ” гэж хэлсэн. Намын цагаан байранд үлдсэн гол хүмүүс нь 2-р анги дээрээ тодорхой болох шив.

“Монголын асуудал нь Монголын төр өөрөө болсон байна. Төр өөрөө ард түмний зовлон болж байна” гэж Д.Амарбаясгалан хэлсэн. Үгүй. Төр, засгийн эрхийг МАН барьж байгаа учир тэгж харагдаж байгаа юм. Үнэндээ Монголын асуудал нь МАН болсон байна. МАН ард түмний зовлон болж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *