Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийнмянга орчимд Ногоон нуурын 1008 айлын орон сууцны хойд талын 2 га газрыг чөлөөлж, 80 Гкал/цаг хүчин чадалтай хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болжээ. Энэ онд багтаан уг төслийн олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэж байгааг нийслэлийн ЗДТГ мэдэгдсэн байна.
Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум төгрөг буюу 28 орчим сая доллар. Нийслэлийн ЗДТГ-аас 20 хувийг нь санхүүжүүлнэ. Үлдсэнийг нь төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрөө гаргах юм.
Энэ станц хий цэнэглэхг, дулаан үйлдвэрлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Хий цэнэглэх хэсэг нь хоёр үндсэн орц гарц, нэг туслах гарцтай. Хийн дулааны станцын барилга, цахилгааны агаарын дэд өртөө, цахилгааны хаалттай хуваарилах байгууламж, галын усан сан, галын насосны барилга, хий цэнэглэх цэг, шингэрүүлсэн хийн парк, хийн насос, гүний худгийн байр, харуулын байр гэсэн байгууламж барихаар төлөвлөжээ.
Хийн дулааны станц дараах ач холбогдолтой:
- Агаар, орчны бохирдлын бууралтад нөлөөлнө
- Шаталтаас үүсэх хатуу хаягдал байхгүй
- Найдвартай дулаан хангамжийн эх үүсвэр, эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэмэгдүүлнэ
- Дулаан хэмнэх шийдэлтэй
- Ажлын байр, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулна
- Ажиллах хүчний зардал бага
Монгол Улсад анх удаа байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах хийн дулааны станцыг үе шаттайгаар байгуулах ажлыг зохион байгуулж байгаа аж. Эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.