Адуу үржлийн өвчнөөр өвдвөл эмчлэх боломжгүй


Сүүлийн жилүүдэд Монголд нэлээд газар аваад байгаа адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгохоор Японы Засгийн газрын САТРЕПС төслийг Японы Обихирогийн хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургууль, Монголын мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран нэг багаараа хоёр дахь удаагаа хэрэгжүүлэх юм.

ЖАЙКА олон улсын байгууллага болон Японы шинжлэх ухаан, технологийн агентлагийн 4.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Адууны нийлүүлгийн өвчин (Dourine)-ийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” D-core САТРЕПС төсөл нээлтээ хийжээ.

Дээрх Монгол, Японы мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын судалгааны баг өмнө нь САТРЕПС төслийг 2014-2019 онд хэрэгжүүлж байжээ. Эхний төслөөр Монголд адууны нийлүүлгийн өвчин байгааг тогтоож, оношлуур бүтээсэн үр дүн гаргасан бол 2025-2030 онд хэрэгжих төслөөр “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох” зорилготой аж. Төсөл Дорнод, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон гэсэн таван аймагт хэрэгжинэ.

Адууны нийлүүлгийн өвчин нь үржлийн замаар халдварладаг учраас тархалт үргэлжилсээр байх аюултай. Одоогоор уг өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин дэлхийд гараагүй тул өвчилсөн адууг эмчлэх боломжгүй юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *