“Алтайн хүдэр”-т холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас УДШ дахин хэлэлцэнэ


Улсын дээд шүүх өнөөдөр “Алтайн хүдэр” компанид холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцэнэ. “Алтайн хүдэр’’ ХХК Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байрлах Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас 2007 оноос хүдэр олборлож байна. Тус компани хүдрээ уурхайгаас машинаар тээвэрлэн, БНХАУ-ын Бургастайн боомтоор хил гаргадаг. Энэ хоорондох 168 км шороон замыг хатуу хучилттай болголгүй, байгаль орчинд хохирол учруулж иржээ. Тиймээс “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” ТББ, иргэн Д.Буянхишиг, Ц.Амьбөх, Х.Уранбилэг нар тус компанийг шүүхэд өгсөн юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.03.15-нд, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025.01.03-нд, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2025.03.25-нд уг хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

“Алтайн хүдэр” ХХК байгаль орчинд учруулсан хохиролдоо нийт 10 тэрбум 800 сая төгрөг нөхөн төлөхөөр болсон юм

Хамгийн сүүлчийн буюу Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2025.03.25-ны өдрийн хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг эргэн сануулъя. “Алтайн хүдэр” ХХК хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхэд чиглэсэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үндсэн зорилготой нийцүүлэн, хүний үйлдлийн улмаас гэмтэж, доройтсон байгаль орчин, ургамал, амьтан, ус, газрын хэвлий, хөрс, экологийн орчин анх байсан тэрхүү төрхөөрөө эргэн төлжих боломжгүйг анхаарах шаардлагатай гэж УДШ үзэн, дараах үндэслэлүүдийг тусган шийдвэрлэжээ. Үүнд:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д байгаль орчинд учруулах хохирлын бүрдлийг, мөн зүйлийн 4-т хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг тогтоосон байх ба хариуцагч нь гэрээ, холбогдох бусад баримт бичигт заасан хугацаанд төмрийн хүдрийг хүнд даацын автомашинаар тээвэрлэн зөөх хатуу хучилттай авто замыг барих үүргээ биелүүлээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.

2. Байгаль орчинд учруулсан хохирлыг хэмжээг тодорхойлохдоо эрх бүхий этгээдээс баталсан аргачлалын дагуу мэргэшсэн үнэлгээчний тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг 2-5 дахин нэмэгдүүлж байгаа нь гэм хорын эрх зүй дэх бодит хохирлыг арилгуулах ерөнхий хандлагаас ялгаатай гэж үзжээ.

3. Анхан шатны шүүх байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохтой холбоотой Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна.

Иймд эдгээр үндэслэлийн дагуу “Алтайн хүдэр” ХХК байгаль орчинд учруулсан хохиролдоо нийт 10 тэрбум 800 сая төгрөг нөхөн төлөхөөр болсон юм.

Харин өнөөдөр “Алтайн хүдэр” ХХК өөрийгөө өмгөөлөх, уг мөнгийг төлөхгүй байх баримт эсвэл үндэслэл олсон бололтой. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэсэн шалтгаанаар УДШ-ийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэх гэж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *