Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь Олон улсын газрын эвсэл болон үндэсний Газрын эвслийн гишүүн байгууллагуудтай хамтран Монгол Улсад Газрын засаглалын индексийн мэдээллийн иж бүрэн багцыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны техникийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Газрын засаглалын индекс (LANDex) газрын харилцааны мэдээллийг ардчилсан, нээлттэй хэлбэрээр олон нийтийн байр суурийг бодитоор тусган гаргах, хүн төвтэй газрын засаглалын мониторингийн механизм юм байна. Энэхүү систем нь улс орнуудад газрын засаглалаа олон улсын стандарттай уялдуулан үнэлэх боломж олгодог бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд, уугуул нутгийн малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчдын оролцоог тусгаж харуулдгаараа онцлог.
Монгол Улсад газрын засаглалын индексийг хэрэгжүүлэхийн үндсэн зорилго нь газрын эрхийн бүх хэлбэрээр иргэдийн оролцоог дэмжих, эрхийг хамгаалахад чиглэхээс гадна улсын хэмжээнд газрын бодлого боловсруулах, үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явцыг нотолгоонд тулгуурласан мэдээллээр хангах юм. Мөн олон нийтэд нээлттэй эх үүсвэрийг хөгжүүлснээр дээрх үйл явцыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.
Цаашид уг мэдээллийн иж бүрэн багцыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нарийвчилсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах аж.