Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.30/ ард түмэндээ хандаж, мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Бид 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулж байна. Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээр ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Намайг Ерөнхий сайдаар томилогдоход улсын төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4% болж унасан байсан. Энэ бүхэн нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан байсан.
Ажлаа аваад түүхэндээ улсын төсвийг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн. Өнөөдөр эдийн засаг есөн сарын байдлаар сэргэж, 8 дугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7%-д хүрсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд энэ оны 8 дугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин өсөж, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь 2 дахин, орлого нь 3 дахин, олборлолт 1.3 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсөн, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэн, эерэг үзүүлэлт гарсан.

Тэнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэр ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт 1 их наяд төгрөгөөр барьсан үйлдвэрийг 18 км-ийн цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан.
Бид 7 дугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн уурхай дээр очиж ажиллахад, олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн.
Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчхаад, Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчхаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь 1 их наяд төгрөгийн үйлдвэр маань үр ашиггүй байсан.
Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн.

Ийм учраас бид нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дарга 3 сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа байх. Залуус нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж, жагсаж байсан. УИХ болон Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргалсан.
Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.
Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсон дээр тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх учиргүй. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс тэс, шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна.
