МАН даргын асуудлаа их хурлаараа шийдүүлэх ёстой байсан уу?


МАН өмнө нь даргаа их хурлаараа сонгодог байв. 2017.11.21-нд болсон МАН-ын 28 дугаар их хуралд 1309 төлөөлөгч оролцож, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар намын даргад өрсөлдөн, 63.1%-ийн саналаар У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгосон. Үүний дараагийн сонгуулиас тус нам даргаа бага хурлаараа сонгож эхлэн, бага хурлаас сонгогдсон анхны дарга нь Л.Оюун-Эрдэнэ болсон. Тэр үед маргаан гараагүй.

Харин одоо маргаан гарчихлаа. Ийм тохиолдолд аливаа намын их хурал нь асуудлаа эцэслэн шийддэг байх ёстой. “МАН-ын үндсэн дүрэм-“ийн 20.3.7-д “Намын их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал бага хуралд оролцсон гишүүдийн 2/3-ын саналаар шинэ даргыг сонгоно” гэж заажээ. Үүний дагуу энэ удаагийн сонгуулиа явуулсан ч МАН шинэ даргатай болсон ч юм шиг, хуучин дарга нь хэвээрээ байгаа ч юм шиг болчихлоо.

Хамгийн гол нь бага хуралд оролцсон гишүүдийн 2/3-ын санал авах гэсэн өндөр босго тавьчихжээ. Түүнийг нь давдаг хүн алга. Энэ удаад МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хоёулаа тэр босгонд бүдрэв. Нэг нь арга саам олж, босгон дээр гишгээд орчихсон бол нөгөө нь бүдэрч унаад уйлдаг хүүхэд шиг юм болж байна.

Даргын маргаан дуусаагүй, дахиад хэдэн сар үргэлжлэх талцал, зодоон болох нь ойлгомжтой болчхов

Тус намын даргын суудалд горилогчид үнэмлэхүй ялалт байгуулан, дарга болж байсан удаа бий. Гэхдээ тийм ч олон биш. 2005 онд тус намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, 6-р сард 24-р их хурлаа хуралдуулж, намын шинэ даргад М.Энхболдыг нэр дэвшүүлсэн. Заалнаас Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарын нэрийг дэвшүүлсэн ч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж, өрсөлдөөн С.Баяр, М.Энхболд нарын дунд өрнөсөн юм. М.Энхболд 50.25%-ийн санал аван, 29 хүний саналаар ялж, тухайн үеийн МАХН-ын даргаар сонгогджээ. МАХН-ын 25-р их хурал 2007 оны 10-р сарын 22-30-нд болж, С.Баяр, М.Энхболд нар дахин энэ намын даргын суудалд өрсөлдөн, С.Баяр 56.6%-ийн саналаар ялжээ. У.Хүрэлсүх ч 66% буюу 2/3 гэсэн санал аваагүй.

Ингээд харвал гишүүддээ үнэлэгдсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг даргаа болгохоор МАН-ын гишүүд хүсэж, дүрэмдээ өндөр босго заажээ. Харамсалтай нь тэр босгоор давах, гишүүдийнхээ хүсэн хүлээсэн хүн энэ намын даргын сонгуульд нэр дэвшихгүй байна. Энэ удаагийн сонгуулиас энэ нь тодорхой болов. Хэдэн хүн уралдахад хэн нэг нь түрүүлж л таарна. Түүнийгээ шууд хүлээн зөвшөөрөхгүй байх босго дүрэмдээ оруулчихсан атлаа бүдэрсэн тохиолдолд яах вэ гэдгийг тодорхой, ойлгомжтой зааж өгсөнгүй. Тэгээд одоо эл намын даргын маргаан дуусаагүй, дахиад хэдэн сар үргэлжлэх талцал, зодоон болох нь ойлгомжтой болчхов.

Уг нь тус намын бага хурал хуралдахаас өмнө гишүүд нь намын даргад өрсөлдөгчдийн хэн нэг нь бага хурлын 2/3-ын саналыг авч чадахгүй бол их хурлаараа сонгох тухай сануулж байлаа. Тухайлбал: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Даргыг сонгох асуудлыг бага хурал 2/3-ын саналаар шийдвэрлэх боломжтой. Хэрэв энэ босгыг давж чадахгүй бол их хурлаар хэлэлцэнэ” гэж тайлбарласан юм. “МАН-ын үндсэн дүрэм-“ийн 17.4.3-т “Монгол Ардын Намын их хурал нь намын даргыг сонгох бүрэн эрхтэй” гэжээ. Бага хурал нь сонгож чадахгүй бол их хурал нь сонгох гаргалгаа үүнээс харагдана.

2/3-ын босгыг давж чадахгүй бол их хурлаар хэлэлцэнэ

Гэсэн ч үүнийгээ ойлгоогүй, уг дүрэм нь ч үнэхээр ойлгомжгүй байгаа нь сая өрнөсөн үйл явдал харуулав. Бага хуралд оролцсон гишүүдийн 2/3-ын санал аваагүй бол хамгийн их санал авсан хүн дээрээ дахин санал хураахаар Тооллогын комисс нь санал гаргаж, нэр дэвшигчид нь зөвшөөрсөн гэнэ. Бичээстэй дүрмээ ойлгоогүй хүмүүс өөрсдөө дүрэм зохиогоод, түүгээрээ бантан хутгажээ. Олуулаа, 321-үүлээ нийлж хийсэн бантангаа нэг хэсэг нь сайхан амттай болсон гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь голж сууна. Үндсэн дүрэм зөрчсөн, зөрчөөгүй гэсэн энэ маргаанаа эцэслэн шийдэхгүй бол МАН шинэ дарга болсон уу, хуучин дарга нь хэвээрээ үлдчихэв үү гэсэн асуулт гарч ирж байна. Эсвэл ямар ч даргагүй болчихсон ч байж мэднэ.  

Нэгэнт хийсэн бантангаа одоо тэгээд яах юм бол? Даргын сонгуулиа хүчинтэй гэж үзвэл МАН 60 хоногийн дотор шинэ даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Өмнөх дарга Л.Оюун-Эрдэнэ эсвэл бага хурлаас томилогдсон гишүүн уг хурлын материалыг бүрдүүлж, УДШ-д өгөх учиртай. Шүүх материалыг нь 30 хоногийн дотор нягталж, бүртгэх эсэхээ шийднэ. Ингэхээр Шинэ жилийн баяр гэхэд МАН шинэ даргатай болох эсэх нь шийдэгдэх нь. Энэ замаар явбал УДШ бүртгэж аваад асуудал дуусна. Нөгөө талаас нь харвал 2025 ондоо багтаан даргын асуудлаа шийдэж чадахгүй, 2026 онтой золгох болно.

Эсвэл одоо УДШ-д хандалгүйгээр 11 дүгээр сарын 15-16-нд Улаанбаатарт хийхээр товлосон 31-р их хурлаараа шийдүүлэх боломж бий. Ингэвэл 60 хоногтоо багтахаас гадна элдэв маргаан цэглэгдэнэ. Энэ олон замын алингаар нь явахаа МАН-ынхан өөрсдөө л шийдэж дээ.


One response to “МАН даргын асуудлаа их хурлаараа шийдүүлэх ёстой байсан уу?”

  1. Залуу сэтгүүлч Х.Болормаа МАН-ын даргын сонгуульд үүсээд байгаа нюансыг гярхай ажиглаж, үндэслэлтэй сайн нийтлэл бичжээ. МАН-ын Бага хурлын өмнө Тэргүүн шадар сайд асан Чимидийн Хүрэлбаатар, хоёр нэр дэвшигчийн хэн нь ч бага хурлын гишүүдийн 3/2 босго давахгүй байх, тиймээс намын их хурлаар л манай намын шинэ дарга тодроно байх гэж хэвлэлд ярьж байлаа. Одоо МАН-д тус намын Хяналтын хорооны дарга Баярбаатар нарын мэргэн цэцэн нөхдийн үгээр саяын сонгуулийн дүнг Дээд шүүхэд өргөн барьж хад мөргөх үү, эсхүл намын их хурлаа хүлээж намын даргын сунгааг дахин явуулах уу гэдэг 2 сонголт байна. Миний бодоход намын их хурлаараа дахин дэнслүүлэх нь өлзийтэй болов уу. Харин ингэвэл намын даргын сунгаанд Г.Занданшатар дахин өрсөлдөхгүй л болов уу даа. МАН цоо шинэ хүн гаргаж Амарбаясгалантай өрсөлдүүлж мэдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *