Монгол Улсын эдийн засгийн төлөвийн тайланг Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр танилцууллаа. Малын тоо нэмэгдэж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж буй нь энэ онд манай улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна. Гэвч нүүрсний экспорт багасаж, зарцуулах төсвөө танасан. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллөө бууруулжээ.
АХБ манай улсын эдийн засгийг 2025, 2026 онд тус тус 5.7 хувиар өснө гэж төсөөлсөн юм. Гэвч төсөөлснөөс буурсан байна. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл тарифын өсөлт, худалдааны хязгаарлалтад өртөж, улмаар 2025-2026 онд Монгол Улсын экспортын ашигт малтмал, ялангуяа коксжих нүүрсний эрэлт сул хэвээр байх төлөвтэй. Түүнчлэн Засгийн газар төсвийн зардлыг танахаар шийдвэрлэсэн нь 2025 оныг дуустал хэрэглээ болон төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулах магадлалтай байна.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна. Эрдэс баялгаас хараат байдал болон түүхий эдийн зах зээлийн савалгаатай холбоотой эмзэг байдлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ өргөн хүрээтэй, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам чухал болж байна” гэж мэдэгдлээ.
Цаг уурын таатай нөхцөл бүрдсэнээр мал өссөн. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг 2025 оны эхний хагаст тогтвортой өсөхөд голлон нөлөөлсөн гэнэ. Зах зээлийн нөхцөл байдал суларсны улмаас нүүрсний экспорт саарч, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх уул уурхайн салбарын хувь нэмэр буурсан. Харин эрчим хүч, барилгын салбар тэлснээр уул уурхайн бус салбарт өсөлт гарчээ. 2025 оныг дуустал уул уурхайн бус үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар манай улсын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлөх төлөвтэй аж.
Харин энэ намар хураах ургацын хэмжээ багасах төлөвтэй. Энэ нь хөдөө аж ахуйн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй. 2026 онд үйлчилгээний салбарын ачаар эдийн засгийн өсөлт 5.7 хувь байх төлөвтэй. Тэгвэл уул уурхайн салбар өмнөх хүлээлтээс доогуур гүйцэтгэлтэй байх магадлалтай байна.
Засгийн газар дулааны үнийг нэмэхийг хойшлуулсан. Энэ хэрээр үнийн нэмэлт дарамт бүтэн жилээр хойшилж байна. Үүнээс үүдэн Монгол Улсын 2026 оны инфляцыг 7.2 хувь байхаар АХБ төсөөлжээ.