“Хохь нь шүү. Аятайхан байгаарай” гэж УИХ-ын гишүүнийг дарамталлаа


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар багш, эмч нарын цалингийн асуудал хэлэлцэх үеэр зарчмын шаардлага тавьсан УИХ-ын гишүүн Д.Ганмааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн заналхийлсэн нь парламентын түүхэнд болсон цоо шинэ “үзэгдэл” байлаа. Эрүүл мэндийн салбарын төсвийг үр ашигтай зарцуулах замаар эмч, сувилагч нарын цалингийн санг нэмэх тухай саналд салбарын сайд ихээхэн эгдүүцжээ. Ж.Чинбүрэн сайд байнгын хорооны хурлын танхимд Д.Ганмаа гишүүн дээр очиж “Хохь чинь шүү. Аятайхан байгаарай” хэмээн заналхийлсэн байна. Хэдийгээр Ж.Чинбүрэн сайдын энэ үг микрофонд бичигдээгүй ч түрэмгий бөгөөд дээрэнгүй байдал нь байнгын хорооны хуралд суусан бүх хүнд мэдрэгдсэн байгаа юм.

Д.Ганмаа гишүүний хувьд урьд өмнө нь эрэгтэй хүнээс ийм дээрэнгүй зан байдал болоод аливаа заналхийллийг мэдэрч байгаагүй болоод ч тэр үү, цочирдсоноо илэрхийллээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалахын төлөө асуулт асууж, шүүмжлэл хэлсний төлөө Эрүүл мэндийн сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ төсөөлөөгүй явснаа тэрээр нуусангүй.

Ж.Чинбүрэн сайдын энэ үйлдэл парламентын түүхэнд байнгын хорооны хурлын танхимд эмэгтэй хүнийг, УИХ-ын гишүүнийг дээрэлхсэн анхны тохиолдол болж тэмдэглэгдэж байна. Харин чуулганы танхимд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмааг илт дээрэлхэн доромжилсон үг хэлснийг Монголын ард түмэн нийтээрээ ам ангайн харж байсан нь саяхан.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн үүсгэсэн  эмэгтэй гишүүдэд дээрэнгүй ханддаг жишиг нэг их удалгүй дараагийн танхимын сайд Ж.Чинбүрэнд халджээ.

126 гишүүнтэй УИХ  олон өнгө гаргаж байгаагаар парламентын түүхэнд тод мөрөө үлдээх нь гарцаагүй. Гэхдээ энэ олон өнгөн дунд хар бараан өнгө тод мөрөө гаргаж байгаа нь харамсалтай.

,

One response to “ “Хохь нь шүү. Аятайхан байгаарай” гэж УИХ-ын гишүүнийг дарамталлаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *