Төрийн албаны зөвлөлөөс Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга А.У-г энэ онд шүүхэд өгч, 1.9 сая төгрөг нэхэмжилжээ. Учир нь тус аймгийн ЗДТГ-ын дарга У 2023 онд Тамгын газрын мэргэжилтэн Б-г ажлаас халсан байна. Б үүнийг хууль бус гэж үзэн, шүүхэд хандсанаар У түүнийг буцаан ажилд нь авч, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь ЗДТГ-аар нөхөн төлүүлжээ. Б ажилгүй байсан үеийнхээ цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзан, тэд шүүхийн шатанд эвлэрсэн аж.
Үүгээр Тамгын газрын дарга У буруу шийдвэр гаргаж, төрийн албан хаагч Б-г ажлаас нь үндэслэлгүй халснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс Б-д төрөөс нөхөн төлсөн шимтгэлийн мөнгийг У-гаас гаргуулахаар Төрийн албаны зөвлөл 2025 оны 4-р сард Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг 2025.04.09-нд хэлэлцээд, “Төрийн захиргааны албан тушаалтан хүн гаргасан хууль бус шийдвэрийнхээ үр дагаврыг хариуцах нь төрийн албаны зарчимд нийцнэ” гэж үзэж, У-гаар Төрийн санд 1.9 сая төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.