Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн хүсэлт хуримтлагджээ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 10-нд тогтоол баталж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн ахалж буй тус ажлын хэсэг өнөөдөр анх удаа хуралдав. Уг хурлаар нийслэл хот болон орон нутагт Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Монголын ипотекийн корпорацаас олгож буй орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг сонссон юм.

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил. 2023 оноос орон нутагт 3 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна.

Энэ зээлийн эхний гурван жилийн 3 хувийн хүүг улсын төсвөөс олгож байна. Урьдчилгаа төлбөрийн 60 хувийг батлан даалгах боломжтой юм. Банкны зээл дотроос ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог. Ипотекийн зээлийн 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн. Дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ.

Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.

Хуралд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *