Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулсан бичгээ УИХ-д өнөөдөр хүргүүлсэн гэж ЗГ-аас мэдээллээ. Үндсэн хуулийн 38.2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн хүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 10 дугаар сарын 2-ны өдөр УИХ-д танилцуулж, Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна.